MEDIUM.COM блогт сонирхолтой нийтлэл бичигч Enkhbolor Gantulga-ын зарим онцлох блогоос LIVETV.MN онлайн ТВ хүргэж байна
Enkhbolorgantulga: Шинэ он гарлаа. Шинэ жил. Шинэ би – гээд маш олон хүмүүс өөрчлөлт хийх цаг хугацаа гэж хардаг. Гэхдээ бодитоор амласан амлалтаа биелүүлж, дуусгаж байсан нь хэр их вэ?
Яагаад хүн бүр хүссэн жиндээ, хүссэн ажилдаа, эсвэл хүссэн хүнтэйгээ байхгүй байгаа гээч? Энэ бүх өөрчлөлт, хүссэндээ хүрэхийн тулд “золиос” шаардах нь элбэг.
1. Эрүүл байхыг хүсэж байна уу? Ажил дээрээ амжилт үзүүлмээр байна уу? Оройн найзуудын уулзалтыг алгасаж сурах л хэрэгтэй болно доо. Нойроо ав! Орой 22:00 унтаж бай! Хоол, дасгал хийж чадахгүй байсан ч ядаж шөнөдөө 8 цагийн нойроо авч сур!
2. Хүссэн жиндээ хүрмээр байна уу? Тэгвэл тохируулж ид. Үдшийн бүрийгээр хөргөгчөө ухахаа боль!
3. Эргэн тойронд чинь байгаа хүмүүс хий хоосон утсаа маажаад, эрүүл бус амьдралын хэв маягтай байна уу? Үнэхээр л өөрийн хүссэн зорилгод хүрэхийг хүсэж байвал тэр орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Замын уртад зарим хүмүүсээс салах л шаардлагатай болно.
4. Аливаа шинэ ур чадвар давтамжид үйлдлүүдийн нийлбэр байдаг. Өдөр бүр, цаг тутам л хүсэхгүй байна, чадахгүй байна гэх хальширалтай нүүр тулах, тэр ч бүү хэл илүү таашаалтай сонголт хиймээр санагдаж байна уу? Гэвч нэг нууц хэлье. "Тавгүй шийдвэр, сонголт хийж байж л хүссэн үр дүнгээ хардаг"
5. Дэлхий чамайг тойрч эргээгүйгээс хойш бусад хүмүүсийн үзэл бодол, ялгаатай байдал, үнэ цэнэтэй зүйлс бүгд өөр гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч сурах. Ингэснээр та өөртөө цоо шинэ ертөнц бүрдүүлж, гайхалтай хүмүүсийг амьдралдаа татан оруулах боломж гарна.
6. Өөрийгөө ажиглаж сур. Би хэн нэгнийг гомдоох үйлдэл хийж байна уу? Эсвэл гаргадаг ааш зан чинь гэр бүл, хамт олонд хортой нөлөө үзүүлж байна уу? Чиний сайн сайхны төлөө чамд яг чин үнэнчээр бүх сул тал, онцгүй зангуудыг чинь хэлэх чадвартай хүмүүстэй болох.
7. Мөс чанар үнэт зүйлс, хүсэж тэмүүлж байгаа ирээдүй, хийхийг эрмэлзэж дурлаж байгаа зүйлсээ тодорхойлж гаргах.
8. Гадуур наргиж цэнгэх цагаа, хэрэглэж байгаа согтууруулах ундаагаа багасгах хэрэгтэй юм байна даа гэсэн бодол орж ирж байгаа л бол шууд хэрэгжүүл.
Хэцүү… Үнэн гэхдээ үнэхээр л өөрийнхөө амьдралд томоохон өөрчлөлт гаргахыг хүсэж л байгаа бол, суръя гэж бодож байсан зүйлээ сурахын тулд, аз жаргалтай гэр бүл бүтээхийн тулд бид зарим нэгэн зүйлээс татгалзах хэрэгтэй л болдог.
FOMO (Fear Of Missing Out) — гэж нэр томьёо байдаг. Ямар нэгэн юмнаас хоцрохоос айх айдас. Үүнээс болоод ядарсан үедээ ч тэр, хүсээгүй байгаа ч очихгүй л бол нэг юмнаас дутчих гээд байгаа тэр мэдрэмж.
JOMO (Joy Of Missing Out)– энэ яг эсрэгээрээ. Зарим зүйлээс дутаж сурах гэх үү… Эмзэглэлгүй хүлээж авч, зөвшөөрөх.
Тэгэхээр илүү олон JOMO-г бий болгож, 7-д бичсэн зүйлсээ нэн түрүүнд тавьж, хүрсэн үр дүн болгоноос авах сэтгэл ханамж бидний гаргасан хүнд шийдвэр болгоны ШАГНАЛ нь болдог юм шүү.