Америкийн гэх тодотголтой Нэгдсэн улс сансар судлалын салбарт тэргүүлэгчийн байр сууриа аль болох удаан хугацаанд хадгалахын тулд аюулгүй байдлаа сахин хамгаалах шаардлагатай болж байгаа юм. Тус улсын батлан хамгаалах байгууллага Пентагоны зүгээс Орос, Хятадын хөгжүүлж буй технологи сансар судлалын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзлээ.
Тодруулбал манай улсын мөнхийн хоёр хөршийн хөгжүүлж буй лазер технологи Америкийн хиймэл дагуулуудыг устгах хүчин чадалтай гэж Пентагон мэдэгдэв. Энэ тухай “Сансрын аюулгүй байдлын сорилтууд” нэртэй даваа гарагт хэвлэгдсэн нийтлэлд дурджээ. Америкийн сэрдэж буй орнууд зөвхөн Орос, Хятадаар хязгаарлагдахгүй. Цаашлаад Иран, Умард Солонгосын сансар судлал дахь хүчин чадлыг туршиж байгаа юм.
Америкийн хиймэл дагуулууд далай тэнгисийн судалгаа, зэвсгийн байрлал тогтоох, тагнуулын мэдээлэл цуглуулах зэрэг бүхий л салбарт гол үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хянах, Орос, Хятадын цэрэг армийн үйл ажиллагааг тагнах зэрэгт өргөн ашиглагддаг. Москва болон Бээжингийн хөгжүүлж буй хиймэл дагуулыг эсэргүүцэх лазер технологи нь устган сөнөөх болон хиймэл дагуулуудад суурилуулсан мэдрэгчүүдийг гэмтээх чадамжтай гэж Пентагон анхааруулжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын ажлын хэсэг хиймэл дагуулуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай байгааг сануулснаар АНУ Сансрын зэвсэгт хүчинтэй болох хэрэгтэй гэсний дохио ч байж болно гэж хэвлэлүүд бичиж байна.
Бээжингийн хөгжүүлж буй лазер зэвсэг нь газраас дэлхийн тойрог замыг хянаж, 2020 оны дунд гэхэд хангалттай хүчин чадлаа хөгжүүлсэн байна гэж Нэгдсэн улсын батлан хамгаалах байгууллага таамаглаж байна. Харин Москвагийн зэвсгийн технологи сансарт байрласан хиймэл дагуулын батлан хамгаалах мэдрэгч төхөөрөмжүүдийн эсрэг ажиллах чадалтай гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com