Өнөөдөр нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх байсан ч хойшилжээ. Түүнийг 2018 оны 10 дугаар сарын дөрөвний өдөр АТГ-аас баривчилсан билээ.
Г.Бум-Эрдэнэ нь нэгдүгээр сургуульд сурагч элсүүлэхдээ бусдаас удаа дараа авилга авсан гэх үндэслэлээр шалгалт явуулж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан юм. АТГ-аас явуулсан шалгалтын явцад тус сургуульд БСШУСЯ-аас цохолттой ирсэн 41 хүүхдийг элсүүлж, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа эсвэл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг зэргээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байсан нь илэрсэн бөгөөд үүний дараахан Г.Бум-Эрдэнэ нь авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан юм.