Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан хэрэгт тухайн үед шадар сайд байж байгаад Ерөнхий сайд болж дэвшсэн Нажиб Разак болон түүний дотны нөхөр улс төрийн шинжээч Абдуль Разак Багинда нарыг холбоотой гэж үзээд байгаа юм. Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газар болоод хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдээс сэтгэл санаа, бие махбодын хохиролд 100 сая малайз ренгит нэхэмжилсэн гэж хэвлэлүүдээр дамжуулсан.
2004-2009 он хүртэл Малайзын шадар сайд, 2009-2018 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакыг Ш.Алтантуяагийн шүүх хуралд гэрчээр татаж мэдүүлэг авсан ч “огт танихгүй учир хэрэгт холбогдолгүй” гэсэн байр сууриа хамгаалсаар байсан юм. Ерөнхий сайд асны холбогдсон хэрэг зөвхөн энэ биш. Түүнийг багадаа тэрбум малайз ренгитийн авилга хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж шүүх хурал нь өнөөдөр болох ёстой байсан ч хойшлогдлоо.
Шүүх хурал хойшлох болсон шалтгааныг тайлбарлахдаа Разакын өмгөөлөгчдийн баг прокуроруудын эсрэг давж заалдах маш олон төрлийн баримт гаргасан тул хугацаа шаардлагатай гэж Куала Лумпурын шүүх үзжээ. Бусад хэргүүдийн шүүх хурлыг энэ оны сүүлээр хийхээр төлөвлөж байсан юм.
Нажиб Разактай холбоотой хууль бусаар мөнгө угаасан хэргийг түүний тансаг зэрэглэлийн харшаас олдсон үнэт эдлэл зэргээр баримт нотолгоо хийж хэрэг үүсгэсэн. Энэ байдлыг Ерөнхий сайд улс төрийн зорилготой гүжирдлэг гэж үзэн, гэм буруугүй гэсэн байр сууриа хамгаалсаар байна.
Улс төрийн шинжээчдийн дүгнэж байгаагаар Ерөнхий сайд асныг буруутгасан авилгын хэрэг ойрын хугацаанд шийдэгдэхгүй ч олон зүйл заалт тулгаж байгаа учраас аль нэгэнд нь гэм буруутай болох нь нотлогдоно гэжээ.
Алтантуяагийн том хүүгийн эцэг "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай боловч хүүгээ орхижээ
Энэ дашрамд дурдахад хүний нутагт харамсалтайгаар алагдсан Алтантуяагийн шүүх хуралд Монголын талаас мэдүүлэг өгсөн гурван гэрчийн нэг нь түүний том хүү Баяржаргалын Мөнгөншагай байсан юм. Б.Мөнгөншагай ээжийнхээ хэрэгт холбоотой бусдаас ирэх дарамт шахалтаас зугтаж нэрээ Б.Баярхүү болгон өөрчилжээ.
Баярхүүгийн эцэг Баяржаргал нь “Хар сарнай” хамтлагийн гишүүн, рэппер Маадай болохыг Куала Лумпурын шүүхийн өмнө хэлж, ээжийг нь амиа алдсанаас хойш нэг ч удаа тусалж дэмжээгүйгээр барахгүй "дахин гэрлэсэн, хамт байж чадахгүй" гэдгээ хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн байна. “Баярхүү хэмээн нэрээ өөрчлөхдөө эцгийнхээ нэртэй ижилсүүлсэн үү” гэж шүүх танхимд асуухад “огт тийм зүйл байхгүй, Монголд нийтлэг байдаг баяр хөөр гэсэн утгатай нэр учраас энэ нэрийг сонгосон” гэж хариулжээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.thestar.com.my