Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийнхөнтэй уулзаж, үүрэг өгснөөр хэсэгтээ намжаад байсан Хөгжлийн банкны асуудал дахин сөхөгдөв. Ингэхдээ тэрбээр “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлтөд шалгалт оруулахаа мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй хэргүүдийн шийдвэрлэлтийг түргэтгэх бололтой. Харин түүний Хөгжлийн банкныханд зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувийг яаралтай нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкныхан зээлийн мэдээллээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өнөөдөр танилцуулж, “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлтийг шалгуулахдаа бэлтгэх нь.
Өмнө нь 2016 онд Хөгжлийн банкийг байгуулснаас хойшхи үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд шалгалт хийж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байв. Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр ахалсан бөгөөд тухайн үед 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг мэдээлж байлаа. Хөгжлийн банк 2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай” бондыг санхүүжүүлэхдээ зарим төслийг УИХ, Засгийн газрын тогтоолгүй болон хэт өндөр өртгөөр зарцуулсан гэдэг.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр 2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Нэгдүгээрт, “Чингис” бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал шалгалт хийсэн өдрийн байдлаар 694 тэрбум төгрөг болсон. Энэ бол цэвэр Хөгжлийн банкны удирдлагын ажилдаа хайнга хандсан үйлдлээс улбаатай алдагдал болж үлдэж байна.
Хоёрдугаарт, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн.
Гуравдугаарт, “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөл, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, “Хаан” банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан байсан.
Дөрөвдүгээрт, Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийг зарцуулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна.
Тавдугаарт, Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр хэмжээний зардлуудыг гаргасан” гэжээ.
Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрүүдийг авч үзэхэд “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Евро” бондоор 600 сая ам.доллар, “Самурай” бондоор 24.3 тэрбум иений эх үүсвэр төвлөрүүлсэн байдаг.
Гэвч иений эх үүсвэрийг ханшийн судалгаагүйгээр өөр валютад хөрөнгө оруулан ханшийн эрсдэлээс сэргийлэх ямар ч оролдлого хийгээгүй нь банкийг алдагдалд оруулах ноцтой шалтгаан болсон гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байсан юм.
Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой хэргүүд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Ерөнхий прокурорын тушаалаар Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй баг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хөгжлийн банктай холбоотой мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Б.Гарамгайбаатар, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСКийн захирал асан А.Гантулга нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлснээ мэдэгдсэн юм.
Өмнө нь 2016 онд Хөгжлийн банкийг байгуулснаас хойшхи үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд шалгалт хийж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байв. Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр ахалсан бөгөөд тухайн үед 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснийг мэдээлж байлаа.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт тус банкны захирал асан Н.Мөнхбат холбогдсон. Авлигатай тэмцэх газраас 2015 онд Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг буруутгасан хэргүүдийн нэг нь “Монгол газар” компанийн оффисын байрыг барьцаалж зээл олгосон явдал байв. Тухайн үед “Монгол газар” компани дампуурлаа зарласан байсан бөгөөд зээлээ эргэн төлөх чадваргүй компанид 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болжээ. Үүнээс гадна тэрбээр Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны байрыг өндөр үнээр худалдаж авсан хэрэгт буруутгагддаг юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанид хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэдэг.
Тодруулбал, Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанийн гүйцэтгэж байсан Халзан бүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын санхүүжилтийг нэмж батлуулан Хөгжлийн банкнаас 46.3 тэрбум төгрөгийг гаргуулан шууд “Монроуд” компани руу шилжүүлсэн гэдэг. Үүнээс гадна Эрчим хүчний сайд асан М.Сономпил “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Түүнчлэн хотын дарга асан Э.Бат-Үүл ТОСК-ийн захирал асан А.Гантулгын хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж ТОСКийн гүйцэтгэсэн орон сууцны төслүүдийн явцад тус корпорацийн захирал асан А.Гантулга албан тушаалаа урвуулж барилгын компанитай хууль бус гэрээ байгуулан охиныхоо дансаар их хэмжээний мөнгө авсан гэгддэг. Энэ үйлдэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдсон байдаг. Ийнхүү хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн ч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргүүдийн шийдвэрлэлт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэн шалгалтаас хамаарч мэдэх нь. Ямартай ч Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсээр.