СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-09-13

Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рэкетэлдэг боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна. Олон мянган иргэнийг ажлын  байраар хангаж, тэдний орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна. Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ. Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй, үүний хажуугаар компаниудыг рэкетэлдэг шинэ төрлийн нөхөд гарч ирээд байна. Байгаль орчин нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид гээд жагсаалт үргэлжилнэ.

Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм. Тэд компаниудаас мөнгө салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч, жагсаал цуглаан зохион байгуулчихна. Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна. Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд халаасаа зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхамбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ. Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон  “Пикматик” компанийн үйл ажиллгагааг зогсоохын тулд Засаг ноён дэмждлэг хүсчээ. Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удилдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм. Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалтад авах ёстой. Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг.

Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэн агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниуд толгойны өвчин болоод удаж байгаа. Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь Засаг дарга нар ч төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”, “Терра Энержи”, “Бласт” компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг бүрдүүлдэг ажээ. Гэтэл энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян, Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж эсэргүүцэл илэрхийлэх болжээ. Энэ тэмцэл нь “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч дэмжлэг үзүүлж байгаа юм байх. Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг  хаажээ. Үүний балгаар уурхайд ажиллах байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах нөхцөл алдагдаж байгаа гэнэ. Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрнэ. Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниуд энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм. Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө хэмээн харж, рэкетчин болж хувирсныг дээрхээс харж болно. Монголд хөрөнгө оруулахыг чухалчилж байсан гадныхан бодлоо өөрчилж, бидэнтэй түншлэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шантаажчдын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурхайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ.

Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ.

Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайжруулахад анхаарч хөндлөнгийн рэкетчингүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна.

Т.Батсайхан

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.