Америкийн цагаар хоёрдугаар сарын 10-ны өдөр Лос Анжелесын Стэйплес Центерт хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах Грэммийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. 61 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг өнгөрсөн 12 дугаар сарын тавны өдөр танилцуулах ёстой байсан ч Ерөнхийлөгч агсан Жорж Бушийн таалал төгссөнтэй холбогдуулан долооны өдөр танилцуулсан юм.
Нэгдсэн улсын дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолыг дуучин Алишиа Кийс хөтлөн явуулсан. Нээлтийн үеэр Алишиагийн тайзан дээр урьсан зочдын дунд Лэди Гьагьа, Жада Пинкет Смит, Женнифер Лопезын хамт АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама гарч ирсэн нь зочдыг болон үзэгчдийг гайхшруулсан юм. Мишель Обама Америкийн дуу хөгжмийн домог болсон уран бүтээлчдийн хамт Грэммийн ёслолыг нээх болсондоо баяртай байгаагаа илэрхийлж "рэп, хип хоп, каунтри гээд бүхий л төрлийн дуу хөгжим бидний зүрх сэтгэл, дотоод өнгө мэдрэмжээ илэрхийлэх хамгийн гайхамшигтай зүйл" хэмээн ярьжээ.
Тэргүүн хатагтай асан Обамаг гарч ирж үг хэлэхэд зочид тасралтгүй алга ташин баяр хүргэж байсан юм. Энэ жилийн Грэммийд хамгийн тодоор гялалзаж шагналын хур буусан уран бүтээлчид бол Лэди Гьагьа, Дуа Липа болон каунтри уран бүтээлч Кэси Масгрэйвс нар байлаа.
Эх сурвалж: www.bbc.com