Дэлхийн ихэнх охид эмэгтэйчүүдийн бага насны дурсамж барби хүүхэлдэйтэй холбоотой байдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Би л хувьдаа санал нэг байна.
Орчин цагт техник технологи хөгжиж бидний тоглож өссөн шиг гарт баригддаг тоглоомууд үнэ цэнээ алдаж эхэлсэн. Бага насны хүүхдүүд машин, хүүхэлдэйнээс илүүтэй гар утас, комьпютерын тоглоомд дуртай болжээ.
Бүх зүйл ингээд дуусчихаагүй бололтой
Америкийн шилдэг тоглоом үйлдвэрлэгч “Toys R Us” өнгөрсөн жил дампуурлаа зарласан жишээ бий. Гэвч бүх зүйл ингээд дуусчихаагүй бололтой. Шилдэг тоглоом үйлдвэрлэгчдийн нэг “Mattel” өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ.
Тус компанийн зардаг Барби хүүхэлдэй орлогын ихэнх хувийг бүрдүүлсэн байсанд гайхширсан байна. Тодруулбал “Mattel” 2018 оны сүүлийн гурван сард дэлхий даяар 391 сая ам.долларын Барби хүүхэлдэй заржээ. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр улирлаас 12 хувиар өссөн үзүүлэлт юм.
“Mattel” компанийн өнгөрсөн жилийн нийт орлого тэрбум ам.долларт хүрсэн ба өмнөх жилийнхээс 14 хувиар өссөн байна. Тэрбум ам.долларын ашиг орлогын бараг 40 хувийг Барби хүүхэлдэйнээс болсон байна.
Түүнчлэн “Hot Wheels” тоглоомын компани Барби хүүхэлдэйн борлуулалтаас 934 сая ам.доллар олсон нь мөн өмнөх жилийнхээс долоон хувиар өссөн байгаа юм.
Энэ жил Барби хүүхэлдэй 60 нас хүрч байна. Үүнийг тохиолдуулан “Mattel”-ын зүгээс Оскарын шагналд нэр дэвшээд буй жүжигчин Маргот Роббитой хамтран “Барби” кино хийхээр болсноо өнгөрөгч оны 12 дугаар сард мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: www.qz.com