XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн засал номоо сүсэгтэн олон шинийн 15-ны дотор хийлгэдэг билээ.
Тэгвэл Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Үүний нэг нь хоёрдугаар сарын 13-ны 19.00 цагт Шашны дээд сургуулийн хурлын танхимд Дарь эх бурханы магтаал хурж хонох гэнэ.
Ногоон Дарь-Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусалдаг. Тиймээс Ногоон Дарь-Эх бурхныг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг гэнэ.
Түүнчлэн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын хоёрдугаар сарын18-ны 10:00 цагаас "Буянт-Ухаа” спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээнэ.
Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны Насны авшиг хайрлах юм байна. Мөн Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй "Урвуулагч" хэмээх гахай жилдээ хотол олноороо амгалан,сэтгэл түвшин байхын тухайн жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах тул сүсэгтэн олон та бүхэн даллаганы уут, тавгийн идээтэй ирнэ үү гэжээ.