Таны эргэн тойронд махны хэрэглээгээ багасгасан аль эсвэл бүрмөсөн татгалзсан хүмүүс олон байж магадгүй. Гэвч дэлхий даяар сүүлийн 50 жилд хүн төрөлхтний махны хэрэглээ хурдацтайгаар нэмэгджээ.
1960-аад оны үед дэлхийн оршин суугчид жилд 70 сая тн мах хэрэглэж байсан бол 2017 онд тав дахин өсч жилд 330 сая тн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн хүн ам хурдацтай өсч бараг хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Австрали, Америк улсууд нэг хүнд ноогдох махны хэрэглээгээрээ тэргүүлж байна
Нөгөө талаар хүн ам өсөхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэж махыг өдөр тутамдаа илүү их хэрэглэх болсон гэж үзэж байна. 2013 онд хийсэн судалгаагаар дэлхий дээр Австрали, Америк улсууд нэг хүнд ноогдох махны хэрэглээгээрээ тэргүүлж Аргентин, Шинэ Зеланд улсууд араас нь жагсчээ.
Эдгээр орнуудад жилд нэг хүн 100 кг-аас илүү мах хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ-ын Хүнс, газар тариалангийн газраас хийсэн байна. Өөрөөр хэлбэл жилд нэг хүн 50 ширхэг тахиа буюу үхрийн өрөөл мах иддэг гэсэн үг. Баруун Европын орнуудад жилд нэг хүн 80-90 кг мах иддэг гэж судалгаагаар танилцуулжээ.
Монголчууд бидний хувьд өдөр тутмын амьдралдаа махыг өргөнөөр хэрэглэдэг. НҮБ-ын гаргасан бүсчлэлээс харахад нэг хүнд жилд 50-100 кг мах ноогдож байна.
Хятад хүнд жилд таван кг мах ноогдож байжээ
Манай улстай хил залгаа Хятадад эдийн засаг хурдацтай өсөхийн зэрэгцээ махны хэрэглээ эрс нэмэгджээ. 1960-аад онд Хятад хүнд жилд таван кг мах ноогдож байсан бол 1980-аад онд 20 кг, 2000 он гарснаас хойш 60 кг мах ноогдох болсон байна.
Харин Африкийн Этиоп, Руанда, Нигери улсуудад жилд нэг хүн ердөө 7-9 кг мах иддэг байна. Судалгаанаас ажиглагдсан өөр нэг сонирхолтой зүйл бол Америк тэргүүтэй барууны орнуудад үхрийн махны хэрэглээ жилээс жилд буурч, тахиа шувууны махны хэрэглээ нэмэгдсэн бол гахайн махны хэрэглээ бараг өөрчлөгдөөгүй байна.
Тэгвэл мах хүний бие хэрэгцээтэй юү? гэсэн асуултад мэргэжилтнүүд мах идсэнээр эрүүл мэндэд нэн ашиг тустай гэж хариулжээ. Гэвч сүүлийн үеийн зарим судалгаагаар улаан өнгийн мах нь хүний биед зарим өвчин тусах эрсдлийг нэмдэг байна. Тухайлбал зүрхний шигдээс, цөөн төрлийн хорт хавдрыг үүсгэж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com