Содномцэрэнгийн Өлзийтогтох нь Өмнөд Солонгос улсад олон жил барилга дээр ажиллаж эх орондоо ирээд хүүхэд залуус тоглож наадаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эрүүл, аюулгүй орчин хомс байгаад сэтгэл дундуур байжээ. Хүүхэд багачууд цэцэрлэгт хүрээлэнд тоглож хөгжилдөхийн оронд хогийн цэг дээр өдрийг өнгөрөөж байгааг хараад сэтгэл нь өвдөж, асар том мөрөөдөл тээж түүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөхөөр шийджээ.
“Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн, агаарын бохирдолтой хот. 1,5 сая хүн амьдардгийн 800,000 нь гэр хороололд байдаг бол 140,000 хүүхэд ядууралд өртөж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ. “Гэр хорооллын бохирдол дунд хүүхдүүд өсч торниж байгаа нь чимээгүй алуурчин болж байна. Хямд түлшнээс ялгарах бохир агаараар амьсгалж байгаа хүүхдүүдийн амьсгал нь богино, бие нь жижиг болдог” гэж Бернард Ван Лирийн сангийн мэргэжилтэн хэлсэн байна. 1940-өөд оны үед Японы цэргүүдийг буцахад Улаанбаатар хотод дайны үеийн гар минад зориулсан хоосон нүх, шуудуу үлдэж эцэстээ хогоор дүүрэх болсон. Хотын хойд захаар ийм албан бус хогийн цэгүүд олон.
С.Өлзийтогтох ч мөн тэр хавийн гэр хороололд өсч, амьдарч байгаа хүмүүсийн нэг. Тэрээр “Хэдийгээр энэ нүх шуудууг албан ёсоор хогийн цэг гэж тогтоогүй ч хүмүүст хогоо хаях өөр газар байхгүй. Гэтэл хүүхдүүд тэнд тоглож, бага балчир насаа өнгөрөөж байна” гэж ярилаа. Тиймээс Өмнөд Солонгос улсад барилга дээр ажиллаж хураасан мөнгөө эдгээр хүүхдүүдэд сайн сайхан зүйл хийхэд зориулахыг хүсчээ. Өлзийтогтох албан ёсоор хогийн цэг гэж нэрлээгүй ч хогоор дүүрсэн газрыг хүүхдүүдэд ээлтэй цэцэрлэгт хүрээлэн болгож эхэлсэн. Эхлээд нэг бүр нь 60-70 кг жинтэй 300 шуудай хог цэвэрлэж, борооны усыг хурааж олон жил хогонд дарагдсан хонхрыг хиймэл нуур болгожээ. Энэ ажил тийм ч хурдан бүтчихээгүй, хоёр жилийн хугацаа зарцуулсан аж. Харин өнөөдөр энэ хиймэл нууранд бяцхан завинууд бүхий зогсоол бий болж, эргэн тойронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Өлзийтогтохын байгуулсан үлгэрийн бяцхан парк улам бүр шинэ санаануудаар баяжиж хөгжсөөр байгаа юм. Зун болоход хүүхдүүд энд задгай кино театрт тухалж, нууранд хөвөнгөө монгол уламжлалт соёлтой танилцана. Харин өвөл тэшүүрээр гулгана. Жил бүр энэ газарт 6,000 хүүхэд ирж аз жаргал, баяр хөөр, эрдэм мэдлэгээ хуваалцдаг. Өлзийтогтохын аз жаргалын ертөнцөд амжилт хүсье!
Эх сурвалж: www.thediplomat.com