Калифорни дахь Стив Жобсын театрт “Apple” корпораци ээлжит шинэ цуврал бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Шинжээчид “Apple”-ыг гурван төрлийн шинэ гар утас болон ухаалаг бугуйн цагаа танилцуулна хэмээн таамаглаж байсанчлан iPhone Xs, Xs Max, XR болон Apple Watch бугуйн цагаа худалдаанд гаргахаар болжээ. Xs бол “Apple”-ын хамгийн сүүлд хэрэглэгчдэдээ хүргэсэн iPhone X-ын дараагийн загвар бол Xs Max нь plus буюу томруулсан хувилбар нь юм. Харин XR бол илүү өнгөлөг, хөнгөн нимгэн загвар болжээ.
IPhone Xs нь 5,8 инч Супер Ретина HD дэлгэцтэй, iPhone X-тэй харьцуулахад цэнэгээ хагас цаг илүү барих хүчин чадалтай байна. Харин Xs Max-ын 6,5 инч дэлгэц нь iPhone 8 Plus-тай ойролцоо харагдуулж байна. Мөн өмнөх загваруудаасаа цаг хагасаар илүү удаан цэнэгээ барих ажээ. Дээрх хоёр загвар 12 мегапиксель камертай, урд камер нь 7 мегапиксель. Мэдээж хэрэг дүрс болон стерео дуу бичлэгийн хос микрофонтой. 4-512 гегабайт хүртэл санах ойтой төдийгүй нэг дор хоёр сим кард ашигладаг болсноороо онцлог. Үнийн хувьд 999 доллараас 1,099 доллар. Урьдчилан захиалга өгсөн худалдан авагчид маргаашнаас захиалгаа хүлээж авах бол ирэх долоо хоногт нэрийн дэлгүүрүүдээрээ худалдаалж эхэлнэ.
Apple Watch 4 ухаалаг бугуйн цагны нүүрийг дугуй хэлбэртэйгээр дахин шинэчлэгдэнэ гэж шинжээчид хүлээж байсан. Гэхдээ энэ удаад тэд андуурчээ. Apple Watch хэлбэр дүрсийн хувьд өмнөх хувилбаруудтай ижил байлаа. Харин цагны нүүр буюу дэлгэц 30 хувиар өргөн болж, чанга яригч нь хоёр дахин чангарч, микрофоны хүчин чадал сайжирсан гэдгийг танилцуулжээ. Интернэтийн дата хэрэглээгээр ажилладаг ухаалаг цаг 499 доллараар зарагдах бол зөвхөн утасгүй интернэтийн орчинд ажилладаг хувилбар нь 399 долларын үнэтэй юм.
Эх сурвалж: www.qz.com