🔴ЗГ: "Оюу толгой" төслөөс 2027 онд Монгол Улсад ногдол ашиг олгоно

AI хөрвүүлсэн
🔴ЗГ: "Оюу толгой" төслөөс 2027 онд Монгол Улсад ногдол ашиг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанд "Оюу толгой" төслийн ногдол ашигтай холбоотой албан бичгийг танилцуулсан талаар мэдээллээ. 

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, "Рио Тинто" группийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Дуламсүрэн нарын гарын үсэгтэй албан захидал өнөөдөр Засгийн газарт ирсэн. 

Захидалд 2027 онд Монгол Улсад төвлөрүүлэхээр төлөвлөсөн ногдол ашиг нь тус компаниас төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), бусад хураамж болон татвараас тусдаа бие даасан дүн болохыг албан ёсоор бататгасан байна. Мөн үүнийг хэрэгжүүлэх хүрээнд гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Уг төлөвлөгөөгөө удахгүй Засгийн газрын Ажлын хэсэгт хүргүүлэхээ илэрхийлжээ.

Иргэдийн дунд "Рио Тинто" групптэй ногдол ашгийн асуудлаар эцэслэн тохирсон уу, албан баримт бичиг бий юу? Энэ нь зүгээр л аман хэлцэл биш үү гэх эргэлзээ байсан. Тэгвэл өнөөдөр "Рио Тинто" групп болон "Оюу толгой" төслийн зүгээс ногдол ашиг олгохоо баталгаажуулсан албан бичгийг ирүүлснээр энэ асуудал эцэслэгдэж байна. Цаашид Засгийн газрын Ажлын хэсэг хувь нийлүүлэгч талтай хамтран ногдол ашгийг хэрхэн, ямар үе шаттайгаар төвлөрүүлэх төлөвлөгөөг нарийвчлан эцэслэх болно гэв. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-Монголын газар тариалангийн салбарт захиалгат газар тариалангийн эхлэлийг амжилттай тавьсан. Үүний үр дүнг ирэх 2027 он гэхэд бүрэн харна. Газар тариаланд төрийн зохицуулалт хийснээр хүнсний нөөц бүрдэхээс гадна үнийн хөөрөгдлийг хязгаарлах боломжтой болсон. Үүний дараагийн том тулгуур багана нь мал аж ахуй юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Шинэ цагийн малчин" үндэсний аяныг холбогдох яамд хамтран зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Энэ аяныг зөвхөн ХХААХҮЯ дангаараа бус Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран дараах зургаан үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ. 

  • Малын гаралтай түүхий эдийн экспортыг тэлэх: Түүхий эд, ялангуяа махны экспортод төрөөс ямар нэгэн хориг саад тавихгүй бөгөөд цаашид дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын экспортыг дэмжинэ. ОХУ мах, Беларусь улс арьс шир худалдан авах сонирхлоо илэрхийлсэн тул мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ.
  • Бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт: Арьс шир үнэгүйдэх асуудлыг шийдэхийн тулд хачиг хууснаас салгах, бэлтгэлтийг сайжруулахад анхаарна. Тухайлбал, "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт жилд 300 мянган ширхэг үхрийн шир боловсруулах хүчин чадалтай желатины үйлдвэр баригдаж байна.
  • Үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах: Малын удмын сангийн үндэсний төвийн өр, авлагыг цэгцэлж, Монгол Улсад бүртгэлтэй 60 гаруй төрлийн малын удмын санг хадгалах, сайжруулагч эцэг малын асуудлыг шийдвэрлэх замаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлнэ.
  • Мал эмнэлэг, урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт: Мал эмнэлгийн салбарт хууль эрх зүйн томоохон шинэчлэл хийнэ. Салбарын 700 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй малын эмчид олгогдох ёстой байсан өр төлбөрийг төсвийн тодотголын хүрээнд энэ 11-12 дугаар сард багтаан олгоно. Мөн мялзан, шүлхий, годон зэрэг өвчний вакциныг "Биокомбинат"-д дотооддоо үйлдвэрлэх боломжийг сэргээнэ.
  • Бэлчээрийн даацад нийцсэн сүргийн бүтэц: Тооноос илүү чанарт шилжих, бэлчээрийг хамгаалах, уурагт тэжээл тариалах бодлого барина. Өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжсэн "Нутгийн эзэн 100" хөтөлбөрийг ирэх хавар 50 гаруй суманд өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн дотоодын 100 гаруй мянган тонн илүүдэл улаан буудайг тэжээл болгон боловсруулах, биотехнологийн аргаар гаргасан тэжээлийг нэвтрүүлэх кластер системийг бий болгож, улмаар карбон кредитийн зах зээлд нэвтрэх зорилт тавьж байна.
  • Малчдын нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд: Хөдөө орон нутаг дахь 6 настай хүүхдийн боловсрол, малчдын эрүүл мэнд (ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд), нийгмийн даатгалын асуудлуудыг шийдвэрлэнэ. Түүнчлэн алслагдсан малчин өрхүүдийг интернэт, Starlink болон үүрэн холбооны сүлжээнд холбож, цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэх, зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Жил бүрийн 11 дүгээр сарын 20-доор нийслэл болон ХХААХҮЯ хамтран "Өвлийн идэш" өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ хүрээнд махыг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр, орон нутгийн болон "Дэнжийн мянга" захад борлуулагдаж буй үнээр (хонины мах 18-19 мянга, үхрийн мах 20-22 мянган төгрөг) хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Зарим иргэдийн хувьд тухайн үед бэлэн мөнгөний боломж хомс байж болзошгүй тул хүсвэл төлбөрийн аппликэйшнээр хуваан төлөх боломж олгох санааг цухас дурдсан маань буруу ойлголт төрүүлсэн байж магадгүй тул хүлцэл өчье. Бүх хүнд зээл өгөх тухай асуудал биш юм. Иргэд бүтнээр нь ч, хагасаар нь ч авч болно. Хавар мах ховордож, үнэ өсөхөөс өмнө хэрэглэгчдэдээ өвлийн хүнсээ бэлдэх боломжийг олгох нь гол зорилго юм.

Малчны тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг таван жил өөрөө төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг төрөөс хариуцах зохицуулалтын хэрэгжих хугацаа дуусаж байгаа тул үүнийг сунгах асуудлыг Засгийн газрын түвшинд судалж байна. Мөн орон нутгийн ипотекийн зээлийг малчдад олгох боломжийг судалж буй. "Шинэ цагийн малчин" аяны хүрээнд 80 орчим арга хэмжээ хэрэгжих бөгөөд төсөв нь 50-80 тэрбум төгрөгийн хооронд хувилбараар яригдаж байна. Эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын донор байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээс дайчилна. Тухайлбал, Дэлхийн банкны төслийн 2 сая ам.долларыг сумын мал эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэхэд амжилттай чиглүүлсэн туршлага бий. Энэ мэтээр төслийн төгрөг, доллар бүрийг мал, малчин руу чиглүүлнэ.

Энэ жил цаг агаар таатай байж, намар урт болсны хүчинд ургацаа бүрэн зоорьлож чадлаа. Үүний үр дүнд Монгол Улс гурил болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооныхоо 70 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо. Төрөөс түүхэндээ анх удаа 100 мянган тонн сайн чанарын улаан буудайг худалдан авч, улсын нөөцөд бүрдүүлж дууслаа. Түүнчлэн 12 мянган тонн төмс, лууван, сонгино, манжин, байцаа зэрэг дөрвөн төрлийн хүнсний ногоог зориулалтын зооринд хадгалж дуусаж байна. Ингэснээр хавар 4-7 дугаар сарын хооронд төмс, хүнсний ногооны үнэ огцом өсөж, инфляцад нөлөөлдөг сөрөг үзэгдлийг хязгаарлах боломж бүрдэж байна. Буудайн импортын тухайд 2025 онд олгогдсон 121 мянган тонн буудайн квотоос оруулж ирээгүй байсан аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй мянган тонн эрхийг цуцалсан. Ирэх 2027 онд гаднаас нэг ч тонн улаан буудай импортлохгүй байх бодлогыг хатуу баримтална гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.