Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй иржээ. Тэрээр энэ удаа “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа.
H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Magic ball агаар цэвэршүүлэгч 100 ширхгийг хандивлалаа.
Наро Банчэн Гэгээнтэн “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг өдөр тутмын мэдээ мэдээллээс харж байлаа. Тийм учраас бидний өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч өвдсөн хүүхдүүдийг түргэн илааршихад нэмэр болоосой, эрүүл саруул хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлж агаарт байгаа халдварт вирусийг устгаж, тайван тухтай байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүссэн юм. Мөн энэхүү хандивын аянд оролцсон өглөгийн эздэдээ ч багачууд дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж онцлон дурдаж байлаа.
Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг
Манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн, хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амынх нь нэжгээд хувь нь энэ төрлийн томуугаар өвчилчихсөн хүндхэн цаг үед номт улсад суралцаж буй Гэгээнтэн маань эх орныхоо хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавьж, эх орондоо тээж ирсэн бэлгийг нь гардаж авсан ЭХЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа “Хүүхэд эмчилнэ гэдэг бол асар том хариуцлага. Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг юм. Бидний энэ хүнд бөгөөд хариуцлагатай албыг ойлгож, хүндэтгэн зорьж ирсэн танд баярлалаа” хэмээж байв. Үнэхээр түүний алс холоос тээж ирсэн бэлэг очсон газар бүртээ талархал хүртэж байлаа.
Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусийг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, 1 цагийн дотор PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар саармагжуулахаас гадна 20-иод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна.
Харин Наро Банчэн Гэгээнтэнийн хувьд 2015 онд ШУТИС-ийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгсөн үргэлжлүүлэн сургуульдаа Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Энэ нь ч бас учиртай аж. Түүнийг Наро Банчэн гэгээнтэнийн VII дүрээр тодорч байхад Дээрхийн гэгээнтэн Шинжлэх ухаан, техник технологийн эрин үед эх орондоо сурч байгаа сургуулиа амжилттай суралцаж төгсөхийг захиж байсан юм. Дээрхийн гэгээнтэний захиасыг биелүүлж, эх орондоо эрдмийн зэрэг хамгаалсан Гэгээнтэн 2016 оны намар БНЭУ-ын Дарамсала хотод байх Жүдийн дацанд шавилан, гэвш лхаарамба Жадо ринбүчи Түвдэнжунайн удирдлага дор 3 дахь жилдээ суралцаж байгаа ажээ.