УИХ-ын намрын чуулган бямба гарагт завсарлав. Энэ чуулганаар УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов зарлаж, санал авах өдрийг тогтоолоо. Ингээд Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-д нэг суудал дутуу байгаа. Нөхөн сонгууль зарлах тухай тов, санал авах өдөр, зардлын хэмжээний талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-УИХ-ын чуулганаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Сонгогчдын санал хураах өдрийн 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэж товлосон. Үүнээс гадна энэ сонгуулийн зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөг гэж баталлаа.
-Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээс нэг жилийн өмнө ажлаа өгөх ёстой гэдэг. Хуулийн энэ заалт үйлчлэх үү?
-Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн энэ заалтыг хэлэлцээд хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг УИХ хүлээж авсан. Ингээд УИХ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулалт хийлээ. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох, нэр дэвшигч оролцох боломж бүрдлээ.
-Тэгэхээр төрийн албан хаагч нөхөн сонгуульд нэр дэвших тохиолдолд яах вэ?
-Энэ асуудлыг бас Сонгуулийн хуулиар зохицуулсан. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол эхлээд хүсэлтээ гаргана. Мөн ажиллаж буй тухайн байгууллагадаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой.
-Хэд хоногийн өмнө вэ?
-Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших ажиллагаа эхлэхээс тав хоногийн өмнө тухайн эрхэлж буй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх учиртай.
-Тэгвэл нэр дэвшигчийг хэзээнээс хүлээж авах билээ?
-Улс төрийн нам, эвсэл эхлээд нэр дэвшигчийн материалаа Сонгуулийн Ерөнхий хороонд өгнө. Энэ ажил тавдугаар сард эхлэх юм. Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаа хийх зардлын дээд хэмжээг энэ хоёрдугаар сард багтааж тогтооно.
Сонгуулийн Ерөнхий Хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана. Тэгээд сонгогчид санал өгөх эрхтэй, үгүйгээ шалгаж буруу, зөрүү мэдээллээ засуулах ёстой. Ингэж эрт байршуулж байгаа нь ийм учиртай. Дөрөвдүгээр сард Сонгуулийн хороодыг байгуулна. Тавдугаар сард нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлнэ. Зургадугаар сард сурталчилгаа эхэлнэ. Энэ мэтээр хугацаатай заалтууд хуульд бий.
-Сонгуулийн сурталчилгааг хэдий хугацаанд хийх вэ?
-Сонгуулийн сурталчилгааг 18 хоногт хийнэ.
Т.Жанцан