УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох үеэр зарим гишүүдийн хэлсэн үг ихээхэн анхаарал татаж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраагийн хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд дэмжихгүй байна гэдгээ хэлье. Яагаад гэвэл би танд итгэхгүй байна. Бид ард түмнийхээ итгэлийг хүлээж, мандат өвөртөлж энд орж ирсэн. Хэрэв та зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол таны асуудал. Гэхдээ олон хүний өмнөөс сонгогдож, олон хүнийг төлөөлж байгаа учир олон хүний өмнө бид хариуцлага хүлээж байна.
Цэнхэр дэлгэц үзэж байгаа хүмүүс улс төрд итгэх итгэл нь суларч байна. Ялангуяа залуучууд. Яагаад гэвэл улс төрчид шударга бус байгаад, худалч байгаад дургүйцэж байна.
Тэр дундаа би Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоог төлөөлж байсан хүний хувьд, Америкийн боловсролын үнэ цэнийг өндөрт өргөж, хамгаалж явах ёстой хүний хувьд, хэдэн үг хэлмээр байна.
Та бол Хэнтийн сонгогчдын өмнө өөрийгөө Харвард төгссөн, өндөр боловсролтой гэжээ. Өнөөдөр танд амжилт хүсч байгаа журмын нөхөд маань ч таныг өндөр боловсролтой гэж харж байна.
Мөн та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, улс төр судлалаар бакалавр хамгаалсан, боловсрол судлалын магистрийн зэрэг хамгаалсан, эрхзүйчээр бакалавр хамгаалсан, орос, англи хэлтэй гэж намтартаа дурайтал бичжээ. Энэ чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэж байна. Би итгэхгүй байна.
Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг харуулах байх. Гэхдээ дараа дараагийн нэр дэвшигчид сонгогчдын өмнө очихдоо намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай гэж би хүсч байна. Худалч биш нийгмийг хүсч байгаа учраас би эргэлзэж байгаагаа тэмдэглэж үлдээмээр байна гэсэн юм.