Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурч, 17-19 градус хүйтэн байна. Мөн өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтэрч, говь тал хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Иймд:
Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах,
Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.