Бидний хэлж заншсанаар ТҮК-ийн ажилчдыг нэг өдрийн халуун хоол, ундаар баярлуулдаг байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын нэгдүгээр бүсийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивлан бусдыг дулаан өнжүүлэхээр нүүрс өгч баярлууллаа. Тус газрын ажилчид Баянзүрх дүүргийн нийт долоон хороог хариуцан ажилладаг бөгөөд өдөр тутамдаа айл өрхүүдийн хогийг ачих зуураа тэдний амьдрал ахуйг хамгийн ойроос тольддог.
Нэг өдрийн цалингийн хандивласан мөнгөөр 20 тонн нүүрс худалдан авч 30 гаруй айл өрхөд өөрсдийн унаагаар хүргэн өгч баярлуулсан юм
Тиймээс ч 80 гаруй ажилчин хоол ундаар бусдад туслахаас илүү удахгүй болох сар шинийн өдрүүдэд дулаахан гэртээ сайхан баярлахыг хүсэн нэг өдрийн цалингийн хандивласан мөнгөөр 20 тонн нүүрс худалдан авч 30 гаруй айл өрхөд өөрсдийн унаагаар хүргэн өгч баярлуулсан юм.
Зам, талбайн хэсгийн дарга Л.Мяжигсүрэн “Бид сайн судлан өөрсдийн ажилладаг хорооныхоо өндөр настай, амьдралын боломж муу, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй айл өрхөд тус бүр 10 уут нүүрс тараан сар шинэдээ дулаахан гэртээ сайхан баярлахыг хүсэн тусалж байна” хэмээсэн юм.
Бид өрх толгойлсон нэгэн эмэгтэйн гэрт очсон боловч гэртээ байгаагүй тул нэгэн хөгжлийн бэрхшээлтэй залуугийн гэрт нүүрс хүргэхээр очсон юм. Яагаад энэ залууг сонгох болсныг лавлахад тэрбээр ойр орчмын гудмынхаа 30 гаруй айл өрхийн ус, түлээ, нүүрсийг дөхүүлж өгч тусалдаг байна.
Тэрбээр “Хүнд туслах нь сайхан бөгөөд ажил хийн тусалсны хариуд бусдаас ийм тусламж авна гэж бодсонгүй” хэмээн өөрийн баярласан сэтгэлээ Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын нэгдүгээр бүсийн ажилчдад уламжлан хэллээ.
Дэлгэрэнгүй видео мэдээ: