Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээ анх 1959 онд ашиглалтад орсноос хойш 60 гаруй жилийг үджээ. Шугам сүлжээ өдгөө элэгдэлд орж, хуучран муудсанаас гэмтэл саатал гарсаар буй. Үүнд бухимдсан иргэдийн гомдол жилээс жилд тасарддаггүй тул дорвитой сэргээн засварлах ажил Ус сувгийн удирдах газарт байнга тулгардаг.
Тус байгууллага нь нийслэлийн хүн амыг цэвэр усаар хангахаас гадна гарсан бохир усыг нь татан зайлуулах үүрэг хүлээн ажилладаг. Тэгвэл Австри улсын “Ар Ти Ай Аустриа” ХХК нь машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж, хэрэгсэл материалаар ханган өнөөдрөөс нийлүүлж эхэллээ. Энэ нь шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit болон СIPP (Сured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийхгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно гэсэн үг юм. Шугам сүлжээг энэ аргаар доторлосноор хойшид гарах үр дүн нь иргэдийн сэтгэлд нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, зам хөдөлгөөнд саад, хүндрэл учруулахгүй, оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй гээд ихээхэн ач холбогдолтой юм.
Тэр дундаа шугамын ашиглалтын хугацааг уртасгаж, усны алдагдлыг бууруулах, түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгах, шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулах аж. Цаг хугацаа хэмнэсэн, илүү зардал гаргахгүй, зам талбай, ногоон байгууламж сүйтгэхгүй дэлхийн дэвшилтэт технологийг Монголд анх удаа ийн нэвтрүүлж байна.
Төслөөр эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай, одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1.7 км орчин цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлахаар боллоо. Уг ажлыг хийснээр нийслэлчүүдийн өмнө тулгараад байсан томоохон асуудал нэг мөр шийдвэрлэгдэх гэнэ. Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд шинэ дэвшилтэт технологи эзэмших сургалтанд хамрагдан Австрийн “Ар Ти Ай Аустриа” компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч шугам хоолой доторлох ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр болж байна. Дэвшилтэт техник технологийг өөрийн эх оронд нэвтрүүлэн “нутагшуулж” Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар хийж эхлэх нь.
“Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл”-ийн нээлтийн үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд “Энэ төсөл хэрэгжихдээ амар эхлээгүй. 2012 оноос яригдсан асуудал тав, зургаан жилийн дараа ийн хэрэгжиж байна. Бодит үр дүнг нь өнөөдрөөс харж эхэлнэ. Нийслэлийн засаг дарга хувьд энэ ажил дээр анхаарал хандуулж ажиллана. Бид цэвэр усыг эх үүсвэрээс нь татдаг. Ус сувгийн удирдах газрынхан лабораториор оруулаад хэрэглэгчдэд түгээдэг боловч шугам хоолойноос болж зэвтэй ус гарч иргэдээс гомдол ирдэг. Тиймээс иргэдийн гомдлыг арилгахын тулд энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр олон асуудал нааштайгаар шийдэгдэх юм” хэмээсэн.
Харин Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Олон жил яригдсан энэ төслийг хэрэгжүүлэн өнөөдөр эхлүүлж байгаадаа сэтгэл өндөр байна. Энэ бол инженерийн шинэ шийдэл юм. Энэ шийдлийг Ус сувгийн удирдах газар нутагшуулан хийж, нэр хүндтэйгээр цаашид авч явна. Бид яваандаа бохир усны шугам дээр энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодолтой байгаа. Тиймээс хотын дор байдаг хотыг шинэчилж тавина” гэж онцлон хэллээ.