УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж 54,7 хувийн ирцтэйгээр өнөөдөр эхэллээ.
Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар чуулганы хуралдаандаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж хуралдаандаа ирэхийг сануулсан юм.
Тэрээр, "УИХ-ын залуу гишүүд орноосоо босоорой! АН-ын бүлгийн дэд дарга Я.Санжмятав орноосоо босоорой!" гэх мэтээр уриалав.
Ингээд чуулган хэлэлцэх асуудалдаа орж гишүүд үг хэлж байна. Чуулганы хуралдаанд хамгийн түрүүнд үг хэлсэн Л.Болд гишүүн:
"АН-ынхан чуулганд бойкот зарлаж байна. Ингэх хэрэггүй" хэмээн онцолсон юм. Мөн тэрээр "АН-ын бүлгээс гурван гишүүн гарчихаад байхад бүлэг тараагүй мэтээр ярьж болохгүй. Шинэ дарга АН-ын бүлэг албан ёсоор тарсныг зарла" гэсэн юм.
Өнөөдрийн чуулганаар:
1.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5. Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Харин хэлэлцэх асуудлын жагаалтад Засгийн газрын сайд нарын томилгоог оруулаагүй байна.