БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Түүнийг Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж үзэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцруулах асуудлыг өргөн барьсан.
БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүд асуулт асуусан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сар шинээс өмнө хэрүүл болиод ажлаа яримаар байна. Шөнө дунд хүртэл хүн ярьдаг боллоо. Өнөө маргаашдаа багтаагаад хүний асуудлуудаа дуусгаж чадах уу. Ерөнхий сайдаа та давхар дээлгүй сайд оруулж ирж чадах уу?" гэж асуусан.
Харин Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх "Энэ долоо хоногтоо сайд нарын асуудлыг хэлэлцэж дуусгана. Он гарах гэж байна. Гарч буй шинэ ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцээх жил байх болно. Би Ерөнхий сайдаар томилогдохдоо танхимын гишүүдээ парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлж байсан. Энэ байр сууриндаа хэвээр байгаа" гэлээ.
Өөрөөр хэлбэл, БСШУС-ын дараагийн сайд энэ удаагийн парламент дотроос тодрох бололтой. УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байгааг "ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД" хэмээн нэрийддэг болоод байгаа билээ.
Баттай бус эх сурвалжаас авсан мэдээллээр дараагийн БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр хүчтэй яригдаж байна.