Цаг үеийн асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үед жолооч нар тэр дундаа согтуу жолооч нар зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг эвдэж сүйтгэх зөрчил бас нэлээдгүй гарч байх шиг байна?
-Согтуу жолооч нар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн хохирлыг барагдуулах талаар огт хайхрахгүй, арга хэмжээ авахгүй байгаагаас татвар төлөгчдийн хөрөнгө согтуу жолоочоос болж сүйдэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Өнгөрсөн болон энэ оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71, бусад хэлбэрээр 17 нийт 113 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
-Дээр дурдсан зам тээврийн ослын улмаас хэдий хэмжээний хохирол улсад учирч, үүнээс буруутай этгээдээр хэдий хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн бэ?
-Дээрх 113 зам тээврийн ослын улмаас нийт 118,484,207 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7 хувь буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгийн хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд бүрэн төлүүлж төвлөрүүлсэн. Гэвч тухайн байршилд байх ёстой хайс хашилтыг шинээр байрлуулдаггүй, гүйцэд биш чанар муутай сэргээн засварлаж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна.
Тухайн байршилд байх ёстой хайс хашилтыг шинээр байрлуулдаггүй, гүйцэд биш чанар муутай сэргээн засварлаж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна
Жишээлбэл: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө болон бусад 2 байршилд явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарлах хайс, мод, гэрлийн шон мөргөсөн 7,750,401 төгрөгийн хохиролтой зам тээврийн осолд хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулан прокурорт шилжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 хэсгийг үндэслэн 9 жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатайгаар хасаж, бусад зөрчил гаргасан 112 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байгаа.
Хариуцсан байгууллагуудын дансанд 4,948,135 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч 8 байршилд нь хайс, хашлагыг шинээр болон засварлан байрлуулаагүй байна. Энэ нь тухайн байгууллагууд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ төрлийн зөрчил дутагдлуудыг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох байгууллуудад үүрэг чиглэл өгч хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.
-Замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгсэлд хохирол учруулсан зам тээврийн ослоос ямар төрлийн осол ихээр бүртгэгдэж байна вэ?
-Хайс хашлага болон гэрлийн шон мөргөсөн осол дийлэнх хувийг эзэлж байна. Энэ төрлийн ослын 23 хувь нь буюу 26 нь хайс, хашлага мөргөсөн осол, 63 хувь нь буюу 71 осол нь гэрлийн шон мөргөсөн осол байна.
Хариуцсан байгууллагуудын дансанд 4,948,135 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч 8 байршилд нь хайс, хашлагыг шинээр болон засварлан байрлуулаагүй байна
-Хэрвээ хариуцсан байгууллагаас хайс, хашлагыг шинээр болон засварлан байрлуулаагүй, үүнээс шалтгаалж зам тээврийн осол, зөрчил гарвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дах хэсэгт зааснаар Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
Хэрэв уг үүргээ биелүүлээгүйгээс буюу зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.