СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-12

Ажилгүйдлийн тоо буурч, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсчээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл өгдөг. Энэ удаад өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийн талаар танилцуулан мэдээлэл хийв. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн хоёр сард ажилгүйдлийн түвшин тогтмол буурчээ. Өнгөрсөн зургадугаар сарын дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3200 хүнээр буурч байсан бол наймдугаар сард 2200 хүнээр буурсан байна.

Ажилгүй иргэдийн 52.9 % нь эмэгтэйчүүд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны эцэст 32.4 мянга болж 23.1 (71.1%) мянга нь ажилтай боловч, 9.3 (28.9 %) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд бий. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны 2.2 (8.8) мянган хүнээр буурч, өмнөх сараас 0.5  (2.4) мянган хүнээр өсч 23.1 мянган болсны 12.2 мянган буюу 52.9 % нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 447 (1.9 %) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 205 буюу 45.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл энэ оны наймдугаар сарын эцэст хамгийн их буюу 55.0 хувийг ажлаас чөлөөлөгдсөн  болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.04 хувийг хөдөлмөрийн насанд хүрсэн асрамжийн газраас гарсан иргэд эзэлж буй. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Архангай. Сэлэнгэ, Төв, Дорноговь, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг аймагт улсын дунджаас 1.3-22.2 пунктээр илүү байгаа юм.

1.5 саяас дээш төгрөгийн цалинтай 84.7 мянган иргэн бий

Дундаж цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг.Энэхүү тайланд энэ оны II улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага  (ААНБ)-ын 636.5 мянган ажиллагчид хамрагджээ. Шимтгэл төлж буй АННБ-ын тоо өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар ажиллагчид 34,4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ.

Эдгээр ажиллагчдын

46.9 (7.4) мянга нь 240.0 мянган хүртэлх  цалинтай

135.8 (21.4%) мянга нь 240.0-500.0 мянган төгрөгийн цалинтай

225.6 (35.4%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай

114.7 (18.0%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай

28.8 (4.5%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай

84.7 (13.3%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

130.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгожээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний найман сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлогын өсөлтөд 2018 оны  эхний найман сард өмнөх оны мөн үеэс 150.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн  орлого 35.8 (15.7%) тэрбум  төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 0.8 (3.0%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.5 (14.7%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 36.8 (43.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр 2018 оны эхний найман сард 57.0 мянган хүнд 61.9 тэрбум  төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 106 (0.2%) хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.5 (9.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний найман сард 18 хүртэлх насны 897.6 мянган хүүхдэд 130.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгожээ. 

Цэвэр зээлийн хэмжээ 9.8 тэрбум төгрөгөөр өсчээ

Эдийн засгийн  мэдээ дуулгахад мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 229.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнээс гадна Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний найман сард 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний найман сард 410.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ оны наймдугаар сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 158.9 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 149.1 тэрбум төгрөгөөр тус тус буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

2018 онд 51677 хүүхэд мэндлээд байна

Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд мэндэлжээ. 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл энэ оны эхний найман сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр  буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн  эндэгдэл 17 болсон нь өмнөх оны түвшинд байна.

Хамгийн өндөр хэм +37.9, хамгийн хүйтэн хэм -0.3 бүртгэгджээ

Энэ онд хамгийн их хур тунадас Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оржээ.

Өнгөрсөн наймдугаар сард агаарын температур Баянхонгор аймгийн Эхийн голын нутгаар хамгийн халуун буюу +37.9 хэм байсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар хамгийн их хүйтэн буюу -0.3 хэмд хүрчээ.

Төмс, хүнсний ногооны ургац нэмэгджээ

Хүнсний ногоо ургац нэмэгдэж, хадлан тэжээлийнх буурчээ. Ургац хураалтын явцын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар 14.4 мянган тонн төмс, 16.9 мянган тонн хүнсний ногоо хурааж, 138.3 мянган тонн өвс хадлан, 0.8 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төмс 2.2 дахин, хүнсний ногоо 20.1 хувиар өсчээ. Харин бэлтгэсэн өвс хадлан 17.3 хувь, бэлтгэсэн гар тэжээл 42.5 хувиар буурсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.