Монголын орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, галерейн сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдэдээ Монголын Уран Зургийн Галерей хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулж буй. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ардын Зураач, Франц Улсын Ардын зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Чогсом, Монголын Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн Ч.Базарваань, Ц.Байды, Ц.Бүдбазар, Г.Дунбүрээ, Д.Мөнх, Э.Сүхээ, Д.Цэдэндорж нарын 70-аас дээш насны 50 гаруй ахмад уран бүтээлч морилон саатах юм.
БСШУСЯ-наас 2019 онд “Музейтэй Монгол” аяны хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний эхлэл нь энэхүү үйл ажиллагаа. Галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 3400 орчим уран бүтээл хадгалагддаг бөгөөд тэр дундаа ахмад уран бүтээлчдийн уран бүтээлүүд хүндтэй байр суурь эзэлдэг байна.
Арга хэмжээний хүрээнд ахмадуудынхаа бүтээлээр хүндэтгэлийн үзэсгэлэнг зохион “ОРШИХУЙ ...” хэмээн нэрлэжээ.
“ОРШИХУЙ ...” үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн 50 орчим уран бүтээл дэлгэгдэж энэ сарыг дуустал Монголын дүрслэх урлагийн нэгэн үе, нийгэм цаг үеийн өвөрмөц өнгө төрхөөр үзэгч та бүхнийг аялуулах нь ээ.