Монголын улс төрд од болж тодрох амархан шиг бай болж бөмбөгдүүлэх нь ч хялбар. Эрт урьдын цаг гэж түүх хуучлахгүй ч энэ бүхний бэлээхэн нэг жишээ нь өнөөдрийн хувьд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болжээ. Тэрбээр ардчилсан хувьсгал ялсан он жилээс эхлэн Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын шадар сайд гээд төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан нь үнэн. Энэ үед нь түүнийг тахин шүтэх, цаашлаад өргөмжлөн дээдэлж, толгой, буруу бөгтөөсөн нь ч олон байх.
Харин өнөөдрийн тухайд үнэлэмж эсрэгээрээ. Д.Дорлигжав гэдэг хүнийг баривчлан хорьсон мэдээлэл тарахтай зэрэгцэн түүнийг л барьж, яллаж чадвал Монгол Улсад шударга ёс тогтож, бүх авлигачид дуусгавар болох мэт анализ дүгнэлт түгж эхлэв. Мэдээж асуудлыг шударга ёс талаас нь харвал энэ үг үнэн байж болно. Батлагдаж ч мэднэ. Гэхдээ төрийн үнэтэй хүндтэй бүхий л албан тушаал, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий прокурорын алба хашиж байсан хүнд өөрийгөө хамгаалах, цаашлаад нээлттэй мэдээлэхээс үл цааргалах үнэн баримт цөөнгүй архивлагдсан байх талтай.
Иймд юун түрүүнд ганц Д.Дорлигжав бус нийт улстөрчид, бизнесмэнүүдийн тухай үнэнийг түүнээс олж мэдмээр байна. Цаашлаад шударга ёсны эрэл нэг хүнээр цэглэгдэх бус олон олон улстөрчдийн 30 жилийн түүхээс эрж хайсан эрлээр үргэлжлэх ёстой юм.
Тэр дундаа одоо цагт буюу өнөөдрийн хувьд УИХ-аар батлагдах ёстой Татварын тухай хуулийн багц шинэчлэлээс баривчлагдах үндэслэл, өөг нь яагаад олж харж болохгүй гэж.
Учир нь, уг хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд алтны татвар 2.5 хувь болж буурах ёстой. Хэдийгээр 2014 онд УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, өнгөрсөн оны буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсөн ч 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хуулийн үйлчлэл дуусгавар болсон.
Өөрөөр хэлбэл, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн алтанд оноосон нөөц ашигласны төлбөр таван хувиар тооцогдож байгаа гэсэн үг. Мэдээж энэ нь алт олборлогчдын хувьд таагүй үр дүн. “Цаг хугацаа явахын хэрээр Монголбанкинд тушаах алт тушаалт буурч, дахин алт борлуулах хар захын наймаа эрчимжинэ” хэмээн энэ салбарын үйлдвэрлэгчид сүүлийн өдрүүдэд олноороо дуу хоолойгоо нэгтгэн хэвлэлээр учирлан тайлбарлах болсон нь ч учиртай.
Иймд асуудлыг энэ өнцөг талаас нь харвал Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Бямбаагийн данс руу андуурч шилжүүлсэн 2011 оны хоёр сая ам.долларын гүйлгээний тухай мэдээлэл өнөөдөр сөхөгдсөн талаас нь харвал санаандгүй хэрэг биш биз ээ. Тэр дундаа, тухайн цаг үедээ “Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэж байсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогтод хүртэл хэлж байсныг нь тэрбээр өнгөрсөн өдрүүдийн бужигнаан дундуур хэвлэл, мэдээллийнхэнд тайлбарласан байна билээ.
Том эрх ашиг гэдэг энэ мэтээр дараа дараагийн асуултыг тавихад хүргэдэг ч учир начир нь эзэн холбогдогчдын ашиг сонирхлын ард нуугдаж үлддэг гэм бус зан болсон нь харамсалтай. Магадгүй дараагийн удаад алтны татвар болоод Д.Дорлигжав руу үсэрсэн баривчилгаа хоёрын хамаарлын утга учир улам бүр тодорхой болох биз ээ.
Д.БЯМБА