2018 онд “Facebook” нийгмийн сүлжээний аюулгүй байдлын талаар дуулиан, шүүмжлэл гарснаас үл хамааран тус сүлжээг хэрэглэгчийн тоо өссөөр байгаа талаар “CNN” агентлаг мэдээлжээ. “Facebook” хаяг руугаа сард хамгийн багадаа нэг удаа нэвтэрдэг хүний тоо өнгөрсөн онд есөн хувиар өсч, 2.32 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус компанийн жилийн орлого 30 гаруй хувиар өсчээ. “Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хэлснээр, нийгмийн томоохон асуудалд анхаарал хандуулахын тулд компанийнхаа үйл ажиллагаанд багагүй өөрчлөлт оруулсан аж. Энэтхэг, Индонез, Филиппин зэрэг улсын хэрэглэгчийн тоо эрс нэмэгдсэн бол АНУ, Канадад өсөлт сул байгаа аж. Түүнчлэн нийгмийн сүлжээнд өдөр бүр нэвтэрдэг хүний тоо нэмэгдэж 1.53 тэрбумд хүрсэн тухай тус компани дөрөвдүгээр улирлын тайландаа дурджээ. Дэлхий дахинд 2.7 тэрбум гаруй хүн сард дор хаяж нэг удаа “Facebook”-ийг ашигладаг байна.