Монголчууд бид тамирчдаа түрүүлэхэд нь төрийн дууллаа хамтдаа дуулж, хамтдаа омогшиж, аваргуудаараа бахархдаг ард түмэн. Хурд хүч, тэсвэр тэвчээрийн эцсийг хэмжих өрсөлдөөн дунд монгол хүн хаанахын хэнээс ч юугаараа ч дутахгүй гэдгээ харуулдаг болохоор монголчууд бид бахархал, омогшлоо бадраах гэж тамирчдынхаа амжилтыг тэсэн ядан хүлээдэг. Тэднийхээ ялалт, ялагдалтай нь хамт унаж, босон догдолж, дээлийнх нь захыг мушгин суудаг.
Гэвч үзэн суугаа бид тамирчдынхаа ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан байж энэ өндөрлөгт хүрснийг төдийлөн мэддэггүй, зарим нь мэдэхийг ч хүсэхгүйгээр зөвхөн амжилт нэхэж суух нь бий.
Гадны тамирчид маш өндөр хангамжийн дор амьдрал ахуйдаа санаа зовох зүйлгүйгээр зөвхөн бэлтгэлдээ анхаардаг бол монгол "аваргууд" маань амьдрал ахуйгаа, ар гэрээ тэжээх ажил давхар хийдэг. Тэмцээн, уралдаанд явах зардлаа хайж захирлуудын хаалгыг сахина гээд үндсэн ажил болох бэлтгэлдээ өчүүхэн цагийг заруулдаг ч тэд дэлхийн шилдгүүдийг өвдөг сөхрүүлдэг. Ийм аваргуудаараа бид бахархахгүй байхын аргагүй. Ядаж тамирчдынхаа хөлсийг нь арчих алчуурыг нь ч бэлдэж өгөөгүй байж амжилт нэхэх өрөвдмөөр нэгэн бидэн дунд цөөнгүй байсаар л байна.
Хэдхэн хоногийн өмнө бид мэргэжлийн боксын дэлхийн аваргаа өлгийдөн авсан. МУГТ Н.Төгсцогтын ард өнөөдрийг хүртэл аваргыг маань мөнгө санхүүгээр тэтгэж ирсэн хамт олоныг төдийлөн бид мэдэхгүй байж мэднэ. Энэ бол "Алтан Дорнод Монгол"компаний хамт олон юм. Тэд ч тамирчнаа тэтгэж буйгаа зарлаад байсангүй. Харин аваргын тулааны үеэр манай тамирчны өмссөн хувцсан дээрээс л ивээн тэтгэгч компанийн логог гярхай нэгэн нь л анзаарсан байж мэднэ.
Мөн түүнчлэн бидний дээр дурдсанчлан бэлтгэлээ хийхийн хажуугаар ар гэрээ тэжээх гэж зах дээр ундаа зардаг тулаанч хүү О.Пүрэвт мөн энэ компанийнхан мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж цаашид ч мөн дэмжиж туслахаа илэрхийлсэн байна.
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан Ганболд захиралтай "Алтан Дорнод Монгол" компаний хамт олондоо спортод хайртай нийт ард түмнийхээ өмнөөс Баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.
"Монголдоо үйлдвэрлэгч" нар минь "Алтан Дорнод Монгол" компани шиг спортод сэтгэлтэй хандахыг уриалж мөн байна.