МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагт төрийн ордонд хуралдаж, дараагийн УИХ-ын даргад дэвшүүлэх хүнээ сонгон хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн шийдвэр гарч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр боллоо.
УИХ-ын даргад нэр дэвшээд буй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
"УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэл шаардлага бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, уг хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохыг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа. Ингэж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас авахуулаад төрийн болон улс төрийн албаны бүх шатанд сахилга хариулцага бэхжүүлж ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол манай төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдаад буй хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд УИХ ард иргэдийнхээ санал бодол хүсэл, эрмэлзлэлд тулгуурлаж ажиллах ёстой. Үүнийг тээж ажиллах ёстой" гэлээ.
Яг одоо төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдахаар зарлагдсан байна. Дөнгөж сая Удирдах зөвлөлөөсөө дэмжигдсэн Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжих эсэхийг 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн гишүүд шийдэх юм. Хэрэв МАН-ын бүлэг Г.Занданшатарыг дэмжвэл парламент хэлэлцэж эхэлнэ.