Сэрүүний улирал эхэлж эцэг эхчүүд бид хүүхэд багачуудаа ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй болдог. Сүүлийн үед ханиад, хатгаа цаашлаад сүрьеэг антибиотик эмчилгээгээр анагаах нь тийм ч тохиромжтой бус гэж үзэх болсон. Манчестерын их сургуулийн эрдэмтэд сүрьеэ туссан амьтдыг антибиотикийн бус аргаар эмчилж эхэлсэн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд явуулсан туршилт амьтад дээр амжилттай хэрэгжсэн тул ирэх 3-4 жилийн хугацаанд эмийг хүнд хэрэглэж судалгаа хийнэ гэжээ. Хэрэв ирэх жилүүдэд судалгааны үр дүн сайн гарвал сүрьеэг антибиотикийн бус аргаар анагаадаг болно.
Манчестерын их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан эм сүрьеэгийн нянгаас хамгаалах бичил нянгууд дээр суурилсан байна. Туршиж байгаа эм нь халдварын нянг шууд устгалгүй, хүчийг нь сулруулж цөөрүүлж байгаа гэж төслийн удирдагч Профессор Лидиа Табернеро ярьжээ.
Дэлхий дээр 100 гаруй жилийн өмнөөс сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахаар судалж, судалгааны арга барилыг хөгжүүлж ирсэн ч өнөөдрийн байдлаар гурван хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн дүн мэдээ байна. Уг өвчний улмаас жил бүр 1,7 сая хүн амиа алдаж байна. 2016 онд сүрьеэгээр өвчилсөн 6,3 сая хүн эдгэсэн бол энэ онд 7,3 сая хүн эмчлэгджээ. Хамгийн их халдвар тархдаг улсуудад Африкийн орнууд, Энэтхэг, Хятад багтжээ. Дэлхий даяар сүрьеэг эмчлэхдээ 6-8 сарын турш хүчтэй антибиотик уудаг ч дахин өвчлөх магадлал 20 хувь байдаг.
Эх сурвалж: www.eurekalert.org