НИТХ энэ сарын 16-нд хуралдаж, Хотын даргаар ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг сонгосон. Ингээд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлснээ мэдэгдэж байсан юм.
Гэвч өнөөдрийг хүртэл хотын даргыг батламжилжлаагүй байна.
Өчигдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын /ЗГХЭГ/ дарга Г.Занданшатар мэдээлэл хийхдээ,
“Хотын даргад агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын туршлагатай, намын бүлгийн санал, дэмжлэгийг авч чадах хүнийг л томилно.” гэх тайлбар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэх санааг хэлсэн хэрэг.
С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй буцаавал энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Ингээд НИТХ дээр дахин санал хурааж сонгогдсон нэрийг Ерөхий сайдад дахин явуулна. Харин Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн зохицуулалттай.
Эхний удаад тодорхой хугацаа заагаагүй учир У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахгүй байсаар цагаан сарыг ч өнгөрүүлэх магадлалтай гэсэн үг. Гэтэл түүхэндээ бид анх удаа Шинэ жил, Цагаан сарын баярууд буюу шинэ он, тооллыг албан ёсны хотын даргагүй угтах болж байна.