Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башё өнгөрөгч долоо хоногт дууссан хэдий ч сумо бөхийн ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байна. Тодруулбал, монгол бөхчүүдтэй холбоотой дуулиан тасрахгүй байна.
Башёг өнжихөд зөвшөөрөл хэрэгтэй
Өнгөрөгч башёд Ёкозүна цолтнууд бүгд гэмтлийн улмаас башёг дундаас нь орхисон нь мэргэжлийн сумо бөхийн аваргуудын зөвлөл журмандаа өөрчлөлт оруулахад хүргэсэн байна. Хэн нэгэн бөх башёг дундаас нь орхих тохиолдолд сумогийн холбооны албан ёсны эмчийн магадлалаар башёг орхих эсэхийг нь шийдэж байхаар болжээ. Энэ нь "өнгөрөгч башёд их аварга Хакухо болон Какүрюү нарын хувьд башёг орхих хэмжээний бэртэл, гэмтэл аваагүй байхад башёг өнжсөн" гэж тэд үзжээ.
Рога А.Амарсанаа өөрийгөө Монгол биш Орос хүн гэв
Фүтагояма дэвжээний Рога А.Амарсанаа жонокүчи зиндаанд өвдөг шороодолгүй 7-н даваа авч түрүүлсэн билээ. Тэрээр монгол аав, тува ээжтэй бөгөөд Японд ирэхээсээ өмнө Тувад амьдарч байжээ. Тэрээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Би бол өөрийгөө орос хүн гэж бодож явдаг, гэнэт монгол сумоч гэж нэрлэгдээд эхлэхэд гайхсан" хэмээн ярьжээ.
Монгол бөхийн удамт хөвгүүд мэргэжлийн сумод цахиур хагалсаар байна
Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошорюү С.Бямбасүрэн, Д.Шижээ начны ач хүү Кёкүтосэн Э.Энхманлай, Г.Батбаяр харцагын хүү Ёошояма Б.Анхбаяр нар Монгол бөхийн удмын хүч, бяр, ухааныг арлын Японд үзүүлсээр байна. Мөн Монгол улсын заан Ч.Батзоригийн хүү Асахирюү Б.Дэнзэнсамбуу зодог тайлах болсон байна. Тэрээр мэргэжлийн сумо бөхөд тун сайн барилдаж байсан хэдий ч гэмтлийн улмаас зодог тайлахаар болжээ. Мэргэжилтнүүд түүнийг өндрөөр үнэлж байсан хэдий ч бэртэл гэмтэл түүний замналд саад хийлээ.
Хацү башёд түрүүлсэн Тамаваши Мөнх-Оргил их аварга Хакухо М.Даваажаргал нарын барилдааны бичлэгийг хүргэж байна.