Өнөөдрийн Засгийн газрын хурал дээр Сангийн яамтай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Юун түрүүнд ашигт малтмал гаргаж байгаа зургаан авто боомт дээр цахим хяналтын систем, рентген тоног төхөөрөмж нэвтрүүлэх, нэгдсэн мэдээллийн системтэй болох асуудлыг ярьжээ. Төсвийг нь улсын төсөвт суулгасан. Мөн шаардлагатай зарим төсвийг гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн хүрээнд шийдэхээр ярьж байгаа ажээ.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос өгч эхэлнэ
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас олгох асуудлыг ЗГ-ын хуралд оруулжээ. Энэ жил НӨАТ-ын буцаан олголтод 120 гаруй тэрбум төгрөгийг 808 мянган хүнд олгох бөгөөд маргаашнаас олгож эхлэхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр өдрийн дотор олгож дуусгах юм байна.
2018 онд буцаан олголтоор 630-аад мянган хүнд 77,8 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан бол энэ жил буцаан олголт 60-аад хувиаар, хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн байна. Үүнийг эдийн засгийн иэдвхижилт явагдаж , ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Үүнээс гадна өнөөдрийн хурлаар “банкууд НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд урьдчилж олгох гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн” гэж үзээд үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий Газрын дарга Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.