Өнөөдөр УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Төрийн Байгуулалтын Байнгын Хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж түүнийг чөлөөллөө.
УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанд 19 гишүүнээс 17 гишүүн оролцсон бөгөөд УИХ-ын даргыг чөлөөлөх нууц санал хураалтаар 8 гишүүн огцруулахыг дэмжсэн бол 8 гишүүн дэмжээгүй санал өгсөн. Харин нэг гишүүн хоёуланг нь дугуйлснаар санал нь хүчингүй болсон юм. Ингээд ТББХ-оос “УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжээгүй” гэх тогтоол гаргаж УИХ-ын чуулганд оруулсан билээ.
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТББХ-ны тогтоолыг хэлэлцэж "УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй"-г дэмжье гэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 65 гишүүний 66.2 хувь буюу 43 гишүүн саналыг дэмжээгүй юм.
Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх нөхцөл үүсч, өнөөдрөөс сул гишүүн боллоо. Тэрээр 2016 оны сонгуулиас бүрдсэн парламeнтийн спикeрээр 2 жил 6 сарын хугацаанд ажиллаад ийнхүү чөлөөлөгдөж байна.
Харин түүнийг олонхийн бүлгээс томилогдсон УИХ-ын дэд дарга буюу Л.Энх-Амгалан түр орлох бөгөөд МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын даргад хэнийг томилохоо шийдвэрлэх юм. Улмаар олонхийн бүлгийн оруулж ирсэн нэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж УИХ-ын даргыг томилох юм.