Холимог тулааны "UFC 234" тулаан ирэх 7 хоногийн амралтын өдөр товлогдоод байна.
Тодруулбал, UFC холбооны дунд жингийн аваргын бүсийн төлөө америк залуу Кэлвин Гастелум (15-3-0) аваргын бүсийг эзэмшиж буй Шинэ Зеландын Роберт Виттэйкертэй (21-4-0) тулалдах юм. Мөн түүнчлэн "Аалз" хочит Бразилын Андерсон Силва болон Нигерийн Израил Адесаняа нар тулалдах хуваарьтай байна.
Роберт Виттэйкерт - Кэвин Гастелум
Шинэ Зеландын тулаанч Роберт Виттэйкерийн хувьд 2009 оноос хойш 25 тулаанд орж 21 ялалт байгуулаад байгаа юм. 2017 оны 7 сард дунд жингийн аварга Ёоэл Ромеротой тулалдан аваргын бүсийг эзэмшсэнээс хойш ердөө нэг тулаан хийсэн нь өнгөрсөн оны зургадугаар сард мөн Ёоэл Ромеротой хариу тулаанд орж ялалт байгуулсан юм. Америк тулаанч Кэлвин Гастелумын хувьд нийт 19 тулаанд орж 15 ялалт байгуулаад байгаа тамирчин юм.
Андерсон Силва - Израил Адесаняа
Домогт тамирчин Андерсон Силвагийн хувьд холимог тулааны дунд жингийн аваргын титмийг хамгийн удаан хугацаанд буюу 2457 өдөр зүүсэн байдаг.
Тэрээр 2006 оноос 2013 оны хооронд 16 тулаанд орохдоо нэг ч ялагдаагүй юм. Өдгөө 42 настай тулаанч маань карьерийнхаа хугацаанд нийт 43 тулаанд орж 34 ялалт байгуулснаас 20 тулаанд нь өрсөлдөгчөө хугацаанаас өмнө "дуусгаж" байжээ.
Харин түүнтэй тулалдах Нигерийн тулаанч Израил Адесаняагийн хувьд энэ жил 29 настай бөгөөд 15 тулаан хийснээс нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байгаа юм.