Африкийн Танзани улсад долоо болон түүнээс доош насны 10 хүүхэд өнгөрсөн сараас хойш ор сураггүй алга болоод байсан юм. Сураггүй алга болсон бага насны хүүхдүүдийн дөрөв нь эсэн мэнд олдсон бол үлдсэн зургаан хүүхэд бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ.
Хачирхалтай нь амиа алдсан хүүхдүүдийн чих, мөч, шүдийг салгаж авсан байжээ. Энэ нь Африкийн зарим орнуудад байдаг мухар сүсэгтэй холбоотой гэж Нжомбе хотын захиргаа үзсэн байна. Хэрэв хүүхдүүдийн эд эрхтнийг салгаж шулам домчид аваачвал түүгээр эд баялаг, аз амжилт дуудах дом хийдэг гэж итгэдэг ажээ.
Нжомбе хотын цагдаа нар хэрэгт холбоотой нэг сэжигтнийг баривчлан саатуулаад байгаа юм. Сэжигтэн амиа алдсан байсан гурван хүүхэдтэй ойрын холбоотой байжээ. Эцэг эх нь зах дээр наймаа эрхлэхээр явсан хойгуур хүүхдүүдийг шөнийн цагаар гэрээс нь хулгайлсан байна.
Гэхдээ уг хэргийг хэн хэрхэн үйлдсэн гэдгээс илүү учир шалтгааныг нь олж иргэдийн сэтгэхүй дэх мухар сүсгийг арилгах нь чухал гэж Танзани улсын эрүүл мэндийн газраас мэдэгдээд байна. Иймэрхүү төрлийн мухар сүсгээс болж сэрдхийлгэсэн аймшигт хэргүүд үйлдэгдэх болжээ.
Эх сурвалж: www.bbc.com