Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтууд Байгаль орчны эсрэг онц ноцтой гэмт хэргийг "зөрчил" болгон хувиргаж байгаа талаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийлээ.
Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэг, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил гэдэгт 7.11 дүгээр зүйлийн 2.3-т "тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ. Энэ бол Монголын байгалийн баялаг, ашигт малтмалыг зүгээр л гэмт этгээдүүдэд ашиглуулах, хулгайлахыг зөвшөөрсөн маш ноцтой заалт мөн. Энэ заалтыг нэн даруй хүчингүй болгох ёстой.
“Тусгай зөвшөөрөл бүхий талбайн хил нэвтэрсэн” гэж илтэд үндэслэлгүйгээр “Зөрчлийн хуулийн гаж заалтыг санаатайгаар буруу хэрэглэж” хэрэгсэхгүй болгоод байна
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт “Адил-оч”ХХК-ний захирал Цегельник гэгч этгээд хууль бусаар олон тэрбум төгрөгийн жонш олборлож, 5.2 га талбайд эвдрэл бий болгож, үүний 1.6 га талбайд 30 метр хүртэл гүнтэй 285.909.5 м.куб эзлэхүүнтэй ил уурхай, 3.6 га талбайд хөрсний гадаад овоолго бий болгосон. Улмаар нөхөн сэргээлт хийлгүй зугтсан байна. Ингээд байгаль орчинд 200.079.746 төгрөгийн, Өлзийт суманд 3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, 16704 тонн жоншны хүдэр хулгайлсан.
Энэ хууль бус олборлолтын үеэр нэг монгол залуу амь насаа алдаж, нэг нь гаргүй болсон. Энэхүү эрүүгийн хэрэг 2015 онд шалгагдаж эхэлсэн ба хэргийн харьяалалыг хууль бусаар 3 удаа өөрчилсөн, 2 шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон байхад Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Г гэгч “Зөрчил үү, Эрүүгийн хэрэг үү” гэж илтээр буруу дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан.
Одоо Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч, прокуророос “Тусгай зөвшөөрөл бүхий талбайн хил нэвтэрсэн” гэж илтэд үндэслэлгүйгээр “Зөрчлийн хуулийн гаж заалтыг санаатайгаар буруу хэрэглэж” хэрэгсэхгүй болгоод байна. Энэ тэгээд зөрчил юм гэж үү, Олон тэрбумын хохиролтой гэмт хэрэг “зөрчил” болно гэж байх уу? Иймд Зөрчлийн тухай хуулийг бүрэн болиулахыг хүсэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.