АТГ-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагуудад хийсэн шалгалтаар хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь:
· Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөө “Орон сууц” хэсэгт мэдүүлээгүй.
· 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
· 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
· Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.
Мөн мэдүүлэг гаргагч Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэрийн төдий шилжүүлсэн байна.
Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь:
· Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
· Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
· Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
· Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.
Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчжээ.
Тиймээс АТГ-аас дээрх хоёр албан тушаалтныг ажлаас халах хариуцлага ногдуулахаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 05/11214 дугаартай “Хариуцлага хүлээлгэх тухай” албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан байна. Иймд хариуцлагаа ногдуулахыг мөн АТГ-аас шаарджээ.