МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзэн шагнал 1976 оноос эхтэй аж. Тухайн үед Монголын радиогийн ХАА-н редакцын дарга н.Цэвэлмаа, СГЗ, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож байжээ. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон нь уг шагналыг шалгуур өндөртэйг харуулж байна. Нийт улсын хэмжээнд 400 шахам малчин айлын хойморт байх “Алтан төл”-ийн эзэн шагналтны нэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Н.Отгондоржийнх боллоо.
Н.Отгондорж нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж, 16 насандаа аав ээжээсээ өрх тусгаарлан мал маллаж эхэлжээ. Тасралтгүй 22 жил мал маллаж байгаа тэрбээр Сэлэнгэ аймгаас хэрэгжүүлж байгаа бэлчээрийн МАА-г хумьж, газар тариалангийн салбарыг өргөжүүлэх бодлогыг ихээхэн дэмждэг малчин. Түүний хичээл зүтгэлийг үнэлж, аймаг орон нутгаас тодорхойлон "Алтан төл"-ийн эзний болзлыг хангажээ. Сар шинийн өмнөхөн малчны хот айлд УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар зочилж, шагналыг нь гардуулан өглөө.
Мал аж ахуйн талаар төрөөс баримталж байгаа бодлого зорилтыг чандлан биеүүлж сүргийн бүтцийг зохистой харьцаанд барьж, нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэхийн тулд адуугаа Жаргалант угшлаар, үхрээ Алатау үүлдэрээр, хонио Үзэмчин, Баяд үүлдэрээр, ямаагаа Баяндэлгэрийн улаан ямаагаар сайжруулжээ.
Тэрээр мөн өрхийн амжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумынхаа 15 өрхөд 98 бод, 330 гаруй толгой бог мал өгч малжуулсан байна. Орчин цагийн малчин айлын үлгэр жишээ тохижилтыг Баянгол сумын малчин Н.Отгондоржийнх харуулна. Өвөлжөө хаваржаагаа цэвэр цэмцгэр байлган, өрхийн соёлжилтын асуудлыг бүрэн шийдэж төвлөрсөн эрчим хүчинд хүртэл холбогдсон гэнэ. Малчин айл гэхээр л таван ханатай гэрт ноолорч суух биш цэвэр цэмцгэр хашаа байшинд, халуун хүйтэн устай, хот газрын айл шиг тохь тухтай суудаг аж.
Н.Отгондоржийнх энэ өвөлд зориулж 80 тонн өвс, хүчит тэжээл 25 тонн, гар тэжээл, хужир шүүг 6 тонныг тус тус нөөцөлжээ. Энэ нь зөвхөн бэлчээрт найдалгүй цаг хүндэрсэн үед малаа эрчимжсэн МАА-н зориулалтаар зогсоож тэжээх, тарга тэвээргийг алдалгүй өнөтэй оруулах томоохон бэлтгэл ажил гэнэ.
Н.Отгондорж мөн нийгмийн идэвх сайтай малчдын нэг аж. Тэрбээр 2013 онд “Бат-арвижих” малчдын бүлгийг үүсгэн байгуулж, Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн төсөл”-д хамрагдан гүний худгууд гаргуулжээ. Энэ өвөл нийт нутгаар цас бага унасан. Сэлэнгэ аймгийн ихэнх сум ч мөн адил цас багатай тул мал ундны усаар цангаж, өлдөж байгаа энэ үед Ерөө сумын малчдын хувьд дээрх худгууд ихээхэн ач тус өгч байгаа гэнэ.