Монгол Улсын гадаад харилцаа, гадаад худалдааны сүүлийн үеийн байдлын талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдоос тодруулга авлаа.
-Өнгөрөгч онд манай улсын гадаад харилцааны салбар ялангуяа гадаад худалдаа, эдийн засгийн салбарт нилээд идэвхтэй, ахиц гарсан жил боллоо гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Д.Цогтбаатар сайд ч гэсэн мөн энэ талаар тодорхой баримтуудыг тулгуурлан ярьж байсан. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?
Экспорт мөн түүхэндээ хамгийн өндөр түвшинд очиж, долоон тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.долларт хүрлээ
-Тиймээ, өнгөрсөн онд Монгол Улсын гадаад харилцаанд, ялангуяа гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдаанд ихээхэн үр өгөөжтэй жил байлаа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийг сэргээх, гадаад өр төлбөрийг төлж барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах, түншүүдийн итгэлийг олох, улмаар бэхжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, гадаад худалдааны эргэлтийг түүний дотор экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой ажлуудыг тууштай хэрэгжүүлж ирсэний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарлаа.
Эдийн засаг сэргэж байгаагийн нэгэн илрэл нь гадаад худалдааны хэмжээ юм. 2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт долоон хувь хүрч өнгөрсөн онтой харьцуулбал даруй 30 орчим хувиар өслөө. Гадаад худалдааны эргэлт түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч 12,9 тэрбум ам.долларт хүрлээ. Экспорт мөн түүхэндээ хамгийн өндөр түвшинд очиж, долоон тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь, юуны өмнө төр, засгаас эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого авч хэрэгжүүлсэний илрэл юм.
-Жил бүрийн нэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотноо болдог уламжлалтай. Энэ уулзалтад энэ жил Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар оролцож байна. Гадаад харилцааны сайд оролцохгүй байсан юм уу?
-Дэлхийн эдийн засгийн форумд манай улсаас төр, засгийн дээд болон өндөр түвшинд оролцож ирсэн улалмжлалтай. Энэ оны хувьд манай улсын оролцооны талаар Засгийн газар дээр ярьж байгаад, Уул, уурхайн сайдыг оролцуулах талаар шийдвэрлэсэн. Засгийн газрын гишүүний оролцоо гэдэг бол өндөр түвшний оролцоо юм.
Манай улсын хувьд ч гэсэн энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцоогүй нь сүүлийн үед дотоодод өрнөж байгаа асуудлууд, эдийн засаг болон олон түмний санаа бодлын төвд байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай холбоотой биз ээ
Гадаад харилцааны сайдын хувьд 2017 оноос хойш яригдаж буй Казахстан болон Кыргызстан Улсад хийх айлчлалын хугацаа давхацсан. Эдгээр улсад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд айлчлахаар хоёр талдаа тохиролцож, хэвлэлээр албан ёсоор мэдээгээ гаргасан байсан. Төв Азийн нутаг дэвсгэр нь манай улсын ойрын хөрш нутаг тул бид энэ бүс нутагтай ойр дотно байх, бүх талын нягт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын ашиг сонирхолд бүрнээ нийцэх юм. Казахстан болон Кыргызстан нь энэ бүс нутагтаа нөлөө бүхий улс орнууд юм. Мөн эдгээр улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд. Бид энэ холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ энэхүү айлчлал түр хугацаагаар хойшлогдоод байгаа болно.
-Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумд бусад улс орнуудаас ямар түвшинд оролцож байгаа вэ?
-Энэ жилийн хувьд ер нь өвөрмөц жил болж байна гэж хэлж болохоор байна. Олон улсын нөхцөл байдлыг анзааран ажигладаг хүн бол гадарлах байх. Энэ жилийн форумд гол төлөв дэлхийд нэр хүндтэй бизнес эрхлэгчид, олон улсын эдийн засаг болон банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд, судлаачид түлхүү оролцлоо. Улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хувьд ХБНГУ-ын канцлер А.Мэркель, Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Италийн Ерөнхий сайд Ж.Конте, Испаний Ерөнхий сайд П.Санчес нар оролцсон. Харин дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцоо нь бага байлаа. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар оролцоогүй нь тухайн улс орнуудын дотоод улс төрийн нөхцөл байдлаас хамаарлаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Манай улсын хувьд ч гэсэн энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцоогүй нь сүүлийн үед дотоодод өрнөж байгаа асуудлууд, эдийн засаг болон олон түмний санаа бодлын төвд байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай холбоотой биз ээ.