Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа, төв, хөдөө орон нутгийн удирдах ажилтнууд нийслэлд зөвлөгөөн хийж, салбарын сайд нь 2019 оныг “Сахилга хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил”болгож буйг зарлан мэдэгдсэн. 2-3 өдөр үргэлжилсэн зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт тарсан байна. Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хүчлэн хамгаалалтад гарч, хөдөлгөөн хязгаарласан гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.
Гэтэл энэ сарын 26 буюу өнгөрсөн бямба гаригт Хорих 439 дүгээр хаалттай хорих ангийнхан мод бэлтгүүлэхээр 10 хоригдлыг машинд суулган яваад осол гаргаж, нэг нь газар дээрээ нас барж, гурав нь хүнд бэртэж гэмтсэн мэдээлэл гарлаа. Цагаан сар, улсын наадам зэрэг томоохон баяр, ёслолын үеэр хорих ангиуд хоригдлуудыг гадагш гаргадаггүй, үүнийгээ дотроо “цоожинд суулгах” гэж нэрлэдэг. Тэгвэл энэ дүрэм, журам нь ч, сахилга хариуцлага ч тус газарт зөрчигдсөн бололтой.
Л.ХЭРЛЭН