А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болсон бөгөөд XX зууны шилдэг балетын нэг гэж үздэг. Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. "Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна.
Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл хэмээн дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг энэ балетыг УДБЭТ-ын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 23-24-нд толилуулах юм.
УДБЭТ-т анх 1984 оны 5 сарын 5-ны өдөр тогложээ.Анх монголын тайзнаа АЖ, ХБ Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж тайз чимэглэлийг АЗ Ч.Гунгаасүх хийсэн байна. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход МУГЖ Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийжээ.