Монгол улсад өдөр бүр ханиад, томуу нь хүндэрсэн дунджаар 140 орчим хүн эмнэлэгт хэвтэж байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Эдгээр өвчтнүүдийн 90 гаруй хувь нь нярай, таваас доош насны хүүхдүүд байгаа юм. Улаанбаатар хотын эмнэлгүүд багтаамжаасаа хоёр дахин илүү хүүхэд хүлээж авч ажиллаж байна. Ханиад нь хүндэрсэн дөрвөн хүүхэд амьсгал хураажээ.
Бага насны хүүхдүүд голчлон өвчилж байгаа ханиад хэт хүйтэн болон агаарын бохирдол ихтэй, ядуу буурай байгаатай холбоотой гэж Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ярьжээ. Энэ бол “хүүхдүүдийг хамарсан хямралт үзэгдэл” гэж тус нийгэмлэгээс анхааруулж байна.
Түүнчлэн Болормаа “ханиад хамгийн их хүрч болох оргил үе бүтэн хоёр сар үргэлжилсэн ч өдийг хүртэл намжихгүй байгаа нь нөхцөл байдал маш аюултай түвшинд хүрснийг харуулж байна. Ирэх хоёрдугаар сарын 5-7 хооронд болох цагаан сарын баяраар олон хүн цугладаг учир тархалт улам өснө гэдэгт санаа зовж байна” гэсэн юм.
Улс орны хэмжээнд эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 15-23 хувь нь ханиад томуугаар өвчилсөн байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэг Засгийн газартай хамтран онц байдалд хэрхэн арга хэмжээ авах талаар ажиллаж байна гэжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс сайн дурынхныг ханиадны тархалт ихэссэн газруудад туслуулахад бэлдэж, эмнэлгүүдэд нэмэлт ор өгч байна.
Ойр дотны хүмүүсээ ханиад томуунаас сэргийлэхийн тулд дагаж мөрдөх ариун цэвэр, эрүүл мэндийн зөвлөмжүүдийг аль болох олон хүнд тарааж хүргэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн наад зах нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт нян тарсан газраар явахдаа амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, аминдэмтэй хоол хүнсээр хангах шаардлагатай байна.
Эх сурвалж: media.ifrc.org-Олон улсын улаан загалмайн нийгэмлэг