АНУ-ын сансар судлалын станцын “Аполло 14” багийн нисгэгчид 1971 оны нэгдүгээр сарын 31-нд сарлуу аялж долоо хоногийн дараа эх дэлхийдээ газардахдаа сарны гадаргуугаас дээж авчиржээ. Хөлгийн багийнхны 48 жилийн өмнө авчирсан сарны чулуу эх дэлхийн чулуу байсан гэдгийг эрдэмтэд олж мэдсэн тухай “Earth and Planetary Science Letters” сэтгүүлд нийтэлсэн байна.
“Аполло 14” багийнхан эх дэлхийн чулууг эх дэлхийд нь эргүүлэн авчирснаа өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан юм. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар уг чулуу тэртээ дөрвөн тэрбум жилийн өмнө дэлхий, сар хоёр шүргэлцэхэд дэлхийгээс шидэгдэж сарлүү нүүсэн байж магадгүй. Ингэхийн тулд дэлхийн гадаргууд ямар нэг хүчтэй цохилт сүүлт од, бусад жижиг гарагаас ирсэн байж таарна. Тиймээс дэлхий жижиг гарагтай мөргөлдөхөд чулуу үсэрч сарлүү шидэгдсэн байж болох. Дөрвөн тэрбум жилийн тэртээ манай дэлхий бүрэлдээд удаагүй залуухан, сар дэлхий хоорондын зай одоогийнхоос гурав дахин ойрхон байжээ. Дэлхийг 4,6 тэрбум жилийн өмнө сансар огторгуйд мэндэлсэн гэж үздэг.
Сарнаас ирсэн гийчин дэлхийн нэг хэсэг байсан гэдгийг чулууны бүтцээс тодорхойлж таамаг дэвшүүлжээ. Уг чулуу дэлхий дээр түгээмэл байдаг өөхөн чулуу, хээрийн жонш, цирконоос бүрдсэн байна. Шинжээчид чулууны энэ бүрдэл нь дэлхийн цаг агаарын температурт болон хүчилтөрөгчтэй орчинд л бүрдэх боломжтой гэж тайлбарлажээ. Хэрэв чулуу анхнаасаа саран дээр бүрэлдсэн бол цаг уурын огт өөр орчинд өөр тогтцыг үүсгэх байжээ. Ийм төрлийн чулуу сарны гадаргууд байх боломжгүй хэрэв байсан бол сарны гүнд л байх магадлалтай гэж эрдэмтэд үзсэн.
Энэ нь дараагийн нэг хувилбарыг дэвшүүлэх боломжийг бий болгосон юм. Эрдэмтдийн дэвшүүлж буй хоёр дахь таамаг бол чулуу 3,9 тэрбум орчим жилийн өмнө хайлж сарны гүнд булагдсан байсан ч 26 сая жилийн өмнө жижиг гараг сарыг мөргөж Коне тогоог үүсгэхэд гүнээс бутран гарч ирсэн байх боломжтой.
Эрдэмтдийн байр суур чулууны нас, бүтэцтэй санал нэг байгаа ч хэрхэн бүрэлдэж бий болсон талаар хоёр өөр таамгийг голчлон дэвшүүлж байгаа тул судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсний дараа нэгдсэн дүгнэлтэд хүрнэ гэж найдаж байна.
Эх сурвалж: www.cnn.com