Монголын морин спорт, уяачдын холбооны ээлжит VII их хурал өчигдөр "Корпорэйт" зочид буудалд болж өндөрлөлөө. Монгол улсад 120 мянга орчим уяач байдаг гэсэн тооцоо байдаг ба хуралд 700 төлөөлөгч оролцлоо.
ММСУХ-ны тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2018 оны гуравдугаар сард өөрийн хүсэлтээр албаа хүлээлгэн өгсөн юм. Иймд өчигдөр болсон ээлжит хурлаар холбооны тэргүүнээр хэн сонгогдох бол гэсэн хүлээлт олон хүнд байсан.
ММСУХ-ны Ерөнхийлөгчид ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХАХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн болон Монгол улсын тод манлай уяач Ц.Батсайхан нар өрсөлдлөө. Эдгээрээс ХХАХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн нэрээ татсанаар олонхын саналаар Монгол улсын тод манлай уяач Ц.Батсайхан сонгогдлоо. Ц.Батсайханыг УИХ-ын гишүүн асан "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү гэдгээр нь олон нийт сайн таньдаг билээ.