Австралийн төв болон умард нутагт хэт халснаас болж ан амьтад хатаж үхэх болжээ. Цаг агаар хэт халж хуурайшсанаас гол мөрний ус ширгэж, нуур цөөрөм худаг хоосорсон байна.
Нутгийн оршин суугчид нуур цөөрмийн ойролцоо ус хайж яваад бөөнөөрөө хатаж үхсэн амьтдын сэг зэмтэй таарах болжээ. Гол мөрний усанд замаг тогтохгүй болсноор загас жараахай ч мөн хэдэн саяараа үхэх болсон байна.
Төв Австралийн иргэд 200 орчим хатаж үхсэн тэмээ, адуу, илжигний сэг олсон гэдгээ мэдэгджээ. Тиймээс ан амьтдыг хамгаалах холбоо нийгэмлэгүүд зэрлэг байгальд байдаг амьтдыг аврахыг уриалсан байна.
2019 он гарснаас хойш Австрали тивд хэт их халж байгаа тухай цаг уур судлаачид дамжуулжээ. Алис Спринг хотод агаарын температур цельсийн 42 хэмд хүрсэн байна. Сүүлийн 14 хоногийн турш агаарын температур тасралтгүй нэмэгджээ.
Шинэ өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн газраас иргэдийг өдрийн хэт халуунд гэрээсээ гарахгүй, ус шингэн сайн хэрэглэхийг зөвлөж байна.
Газар, усны амьтдаас гадна модон дээр амьдардаг сарьсан багваахайнууд газарт унаж ирэх болжээ. Халуунаас болж үхсэн сарьсан багваахайнууд халдварт өвчин тээсэн байж магадгүй учраас иргэдийг ойртохгүй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн 2018 он Австралийн түүхэнд гурав дахь халуун жил байжээ. Түүнчлэн хур бороо өмнөх жилүүдийн дунджаас 11 хувиар багассан байна. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com