СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-25

ШУУД: УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээргүй боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ШУУД: УИХ-ын чуулган 1 сарын 25

Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын 39 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр өглөө эхэлсэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөртөө багтаан шийдвэрлэх санал тавьсан ч ирэх долоо хоногийн мягмар гарагт болгож хойшлуулсан байна. 

Чуулганы хуралдааны эхэнд энэ асуудлыг зарим гишүүн тавьж уг хуулийг хэлэлцье гэсэн горимын санал гаргалаа.

УИХ-ын дарга М.Энхболд: "Яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй ч УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж хэлэлцэх асуудлын өдөр цагийг тогтох ёстой.  Өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргатай зөвшилцсөн. Өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулган хуралдуулах боломжтой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 2019-01-29 ны өдөр байгаа. Энэ өдөр өглөө 09:00 цагт ТББХ-г хуралдуулж, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх боломж байна. 

Хэдийгээр уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа ч хуулийг хэрэглэх явдал дэгийн тухай хуульд заасны дагуу "Төрийн мэдээллийн эмхтгэл" сэтгүүлд хэвлэгдэж байж хэрэгжих ёстой. Энэ сэтгүүлийн эхийн энэ долоо хоногийн дугаарыг өнөөдөр бэлтгэж байна. Ирэх 28-ны даваа гарагт сэтгүүл хэвлэгдэж гарна. Хууль 28-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх боломжтой гэж УИХТГ-ын мэргэжлийн хүмүүс бас анхнаас нь хэлж байсан. 

Дээрээс нь нэмж хэлэхэд: Надад хэн нэгнийг гүтгэж гүжирдсэн зүйл байхгүй. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль ЗГХЭГ дээр боловсрогдож бэлэн болсон байна лээ. УИХ-ын зарим гишүүдэд ч ийм хуулийн төсөл байна. Нэгтгээд түргэн шийдэх хэрэгтэй байна" гэлээ. 

Ингээд гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалгах шаардлаггүй гэж үзлээ. 

Үүний дараа "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасья гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, М.Билэгт нар гаргасан. Санал хураалт явуулахад нийт гишүүдийн 86 хувийн саналаар дэмжигдлээ.

Одоо УИХ-ын нэгдсэн чуулган Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.