Дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүн мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөртөө багтаан шийдвэрлэх санал тавьсан ч ирэх долоо хоногийн мягмар гарагт болгож хойшлуулсан байна. Иймд бид баасан гарагийн нэгдсэн чуулганыг бойкотлоно гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай хууль УИХ-аар шийдэгдэж, өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан, УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барилаа.
Яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй ч УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж хэлэлцэх асуудлын өдөр цагийг тогтох ёстой. Захирамж гарч байж шийдэгдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн яаж хэлэлцэх вэ гэдгийг өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Мөн би энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооны даргатай зөвшилцсөн. Өнөөдрөөс хойш хамгийн наад талдаа чуулган хуралдуулах боломжтой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 2019-01-29 ны өдөр байгаа. Энэ өдөр өглөө 09:00 цагт ТББХ-г хуралдуулж, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх боломж байна.
Энэ асуудлыг 29-ны өдөр хэлэлцэх гэж байгаа нь тодорхой учир шалтгаантай. Хэдийгээр уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа ч хуулийг хэрэглэх явдал дэгийн тухай хуульд заасны дагуу "Төрийн мэдээллийн эмхтгэл" сэтгүүлд хэвлэгдэж байж хэрэгжих ёстой. Энэ сэтгүүлийн эхийн энэ долоо хоногийн дугаарыг өнөөдөр бэлтгэж байна. Ирэх 28-ны даваа гарагт сэтгүүл хэвлэгдэж гарна.
Нөгөө талаас бид энэ асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал үүснэ. Иймд хуулийн дагуу 2019-01-29 ны өдрөө хэлэлцье.
Би ямар нэгэн албан тушаалтай зууралдаад байх хүсэл байхгүй. Өмнө нь ч хэлж байсан. Зөвхөн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байна.
Уламжлалт сар шинийн баярын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдоосой. Дараагийн УИХ-ын даргыг томилогдох 3-4 хоногийн хугацааг тооцож, хэдийгээр пүрэв гарагт чуулган хуралдах ёстой ч хоёр хоног нааш нь татаж мягмар гарагт хэлэлцье гэсэн байр суурьтай байна.
Ингээд эцсийн шийдвэр 13:00 цагт хуралдах УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас гарна" гэлээ.