Нүүдэлчин монголчуудын өв соёлын салшгүй нэгэн зүйл бол хоточ Монгол банхар нохой. Нэгэн үе ховордон цөөрсөн энэ нохойг анхааралдаа авч өдгөө дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийг нэгтгэсэн “Монгол банхар” клуб Монголын нохой судлалын холбооны дэргэд байгуулагдан ажиллаж, Дэлхийн Нохой Судлалын Холбоо /FCI/-д 2016 онд албан ёсоор бүртгүүлэн элсчээ. Монголын Нохой Судлалын Холбоо "MKF"-ын салбар клубүүдын энэ жилийн “Улсын аварга-2018” тэмцээн уламжлал ёсоор Био комбинатад байрлах Эко спорт комплекс, дотор зааланд, мөн гадна хөлбөмбөгийн талбайд болох юм.
Нохойн үүлдрийг цэвэр авч үлдэх, дэлхийд монголын нохдыг сурталчлан таниулах албан ёсны зэрэг, цол олгох уг тэмцээнд Герман хоньч нохой, Дундад Азийн хоньч нохой, Кавказ хоньч нохой, Орос овчарка, Роттвейлер, Монгол банхар, Төвд мастиф, Монгол Тайга анч нохой зэрэг 30 үүлдрийн 350-400 гаруй нохой оролцон ур чадвараараа өрсөлдөх гэнэ. Бүх үүлдрийн тэмцээн (дотор заал), Specialty буюу үүлдэр дагнасан (гадна хөлбөмбөгийн талбайд) тэмцээнийг Олон улсын нохой судлалын холбооны дүрмийн дагуу САС, САСIB зэрэг, цол олгох эрхтэй Монгол-Б.Энхбаяр MKF, ОХУ-Евгений Пудеев FCI/RKF, БНХАУ-Я Вей FCI/CKU шүүгчид урилгаар хүрэлцэн ирж шүүнэ.Тэмцээнд оролцох үүлдрийн нохдыг энэ сарын 18-ныг хүртэл бүртгэнэ.