Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн алба зарчимтай, цэвэр байх, цаашлаад нийгэм өөрөө эрүүлжихийн гол суурь нь төрийн байгууллага өөрөө зарчимтай байх, хуулиа баримталдаг байх ёстой. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаа шалгадаг байх ёстой. 2012 он хүртэл ТАЗ зөв зүйтэй ажиллаж байсан. Тодорхой шийдвэрүүд гарч, арга хэмжээ авдаг бсан. Яамдын ТНБД нартай тодорхой хариуцлагын хүрээнд хамтран ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл яамдын ТНБД нар төрийн алба зөрчихөөс айдаг байсан шүү, үнэнийг хэлэхэд.
2012-2016 оны Засгийн газар байгуулагдаад ТАЗ-ийг байх ёсгүй гэж үзсэн. Ийм хандлага ч гарсан. Маш олон ТНБД нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Алдаа дутагдал гаргахад нь тоолгүй өнгөрөөж, толгойг нь илсэн.
Төрийн албаны зөвлөлийн ажиллах зарчим нь гадны болон Засгийн газар, улс төрчдийн нөлөөлөлд авталгүй ажиллах ёстой. Доош доошоо хуулиа мөрдүүлдэг зарчимтай ажиллах ёстой.
Нийгмийг бухимдуулдаг хүчин зүйлсийн нэг нь төрийн албан хаагчдийн ажил шүү дээ. Авлига, хэл амтай холбогддог. Манай яаман дээр гарсан асуудал ч байна. Дээд дээд шатныхаа төрийн албыг барьж байдаг ТНБД нарын ажил маш чухал. Үүнийг хянаж байдаг төрийн албаны зөвлөлийн ажил маш чухал шүү. Засгийн газраас, улс төрчдөөс чиглэл өгдөгийг болиулах хэрэгтэй. Дүрмийг нь зөв зүйтэй батлаад явах хэрэгтэй.