Сибирьт Орос, Монгол, Хятад гурван хөршийн Батлан хамгаалах салбарын 300,000 цэргийн бүрэлдэхүүнтэй сургуулилалт өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр эхэлж байна. Долоо хоногийн турш үргэлжлэх “Восток-2018” цэргийн сургуулилалтын талаар өрнөдийн орнууд “ОХУ Хүйтэн дайнаас хойш хамгийн том цэрэг армийн бүрэлдэхүүнээ цуглуулсан үйл явдал боллоо” хэмээн онцолжээ. ОХУ 1981 онд Варшавын гэрээний орнуудын 150,000 цэргийг цуглуулж “Запад-81” цэргийн сургуулилалтыг хийж байсан нь Зөвлөлтийн үеийн хамгийн том хэмжээний сургуулилалт болж байсан юм. ОХУ Украйн, Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авч эсэргүүцсээр байгаа энэ үед Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн сургуулилалт хийж байна. Путин алс дорнодын Владивосток хотод Дорнын эдийн засгийн 4-р чуулганд оролцсоны дараа “Восток-2018” цэргийн сургуулилалтыг ирж сонирхоно. Путинтэй хамт Сибирийг зорих зочдын дунд БНХАУ-ын дарга Си Зиньпин багтжээ.
Цэргийн зарим шинжээчид энэ удаагийн сургуулилалтыг ирээдүйн тулааны бэлтгэл хэмээн харж байна. 2014 онд Орос, Өрнөдийнхний харилцаа Украйн-Крымын хэргээс болж хурцадмал байдалд шилжихэд Кремлийн зүгээс НАТО-г Оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн Кавказ, Балт, Арктикийн бүсэд цэргийн сургуулилалтаа эрчимжүүлсэн. НАТО-ын зүгээс “Восток-2018”-ын талаар “Аль ч улс орон батлан хамгаалах салбарын хүчин чадлаа нэмэгдүүлж сургуулилалт хийх эрхтэй, бид хөндлөнгөөс сайтар ажиглана” хэмээн мэдэгдсэн. Төв Азийн бүс нутагт Исламын шашинтнуудын террорист аюул заналхийлэл хурцдаж байгаа тул аюулгүй байдлаа хамгаалах нь нэн тэргүүний чухал асуудал гэж Оросын Батлан хамгаалахаас мэдэгджээ. Хятад энэ удаагийн цэргийн сургуулилалтад хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг сайжруулах, мөн дотооддоо байгаа Шинжаан Уйгурын хэт даврагсадтай тэмцэхэд хүчээ нэмэх зорилготой оролцож байна гэжээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Энэ удаагийн цэргийн сургуулилалт аливаа улс орон эсвэл эвслийн эсрэг чиглэж өдөөн хатгаагүй. Манай улсын армийн 36,000 техник хэрэгсэл, 1,000 онгоц, байлдааны зориулалттай 80 усан онгоц оролцож байгаа” тухай мэдэгджээ. Мөн цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой ”Искандер” пуужингууд, Т-80 Т-90 танкууд, Су-34 Су-35 байлдааны нисэх онгоцуудыг оролцуулж байна. Харин далай тэнгисийн цэргийн сургуулилалтад тус улс Сирийн иргэний дайныг зогсооход хэрэглэсэн “Калибр” пуужингаар зэвсэглэсэн онгоцуудыг ашиглах юм. Манай урд хөрш 3,200 цэрэг, 30 нисэх онгоц нисдэг тэрэг, цэргийн техник Сибирь лүү илгээсэн бол Монгол улс ч мөн хуурай замын цэрэг, нисдэг тэрэг зэрэг өөрийн бүрэлдэхүүнээ илгээсэн байна. Газрын цэргийн сургуулилалтад таван арми, дөрвөн нисэх хүчний баазаас гадна Японы тэнгис, Берингийн хоолой, Оркотскийн тэнгист усан цэргийн 80 хөлөг, хоёр флот оролцож байна. Орос-Японы хооронд маргаан дагуулдаг Курилын арлуудын орчимд сургуулилалт явагдахгүй гэжээ. Шүхэрчдийн гурван бригад Орос, Хятад, Монголын хилийн ойролцоо Цуголын орчимд үндсэн сургуулилалтаа хийх юм байна.
Эх сурвалжууд: www.firstpost.com, www.bbc.com